РЕАЛТОР ГЭЖ ХЭН БЭ?


РЕАЛТОР гэдэг нь АНУ-д төвтэй Үндэсний Реалторуудын Холбооны (National Association of REALTORS - NAR) гишүүн бөгөөд уг холбооноос гаргасан стандарт болон этик, ёс зүйн журмыг дагаж мөрддөг мэргэжилтнийг хэлдэг. 1908 онд үүсгэн байгуулагдсан уг байгууллага одоогоор дэлхийн 90-ээд улсад 1,5 сая гаруй гишүүдтэй үл хөдлөх хөрөнгийн хамгийн том байгууллагад зүй ёсоор тооцогддог. Энэхүү байгууллагын гол зорилго нь үл хөдлөх хөрөнгө өмчлөгчдийн эрх ашгийг төлөөлөх, дуу хоолой болох мөн гишүүдээ сургаж, илүү мэргэжлийн боловсон хүчин болгох юм. АНУ-д нийт үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийн 90 гаруй хувь нь РЕАЛТОР байдаг бөгөөд нийт гүйлгээний 98% нь РЕАЛТОРуудаар дамжиж хийгддэг байна.

ХЭРХЭН РЕАЛТОР БОЛОХ ВЭ?

Үндэсний Реалторуудын Холбооны Монгол дахь хамтын ажиллагааны байгууллагаар Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академи ТББ ажилладаг. Тэдэнтэй холбогдож өргөдөл гарган шаардлагуудыг нь хангасны дараа Реалтор болох боломжтой.

Тэд олон улсын зэрэгтэй сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд реалторуудын дунд нетворкинг эвентүүд хийж тэднийг урагшилж хөгжихөд нь тусалсаар байна.

ЗЭРГҮҮДИЙН ТАЙЛБАР

CIPS – Certified International Property Specialist

Олон Улсын Үл Хөдлөх Хөрөнгийн Итгэмжлэгдсэн Мэргэжилтэн

Энэхүү зэрэг нь олон улсад үйл ажиллагаа явуулах, гадны харилцагчдад үйлчилгээ үзүүлэх сонирхолтой мэргэжилтнүүдэд зориулсан. Уг зэргийг авсан Реалтор нь улсуудын эдийн засаг, улс төр, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гүйлгээний процесс, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд, тухайн улсын бизнесийн соёл гэх мэт өргөн агуулгын хүрээнд судалсан байдаг. Хэрэв та аль нэг улсад үл хөдлөх хөрөнгө хайж буй бол CIPS зэрэгтэй агенттай холбогдоорой.

ABR – Accredited Buyer’s Representative

Худалдан Авагч Талын Төлөөлөгч

Энэхүү зэрэг нь худалдан авагч талыг төлөөлөн, хайж буй үл хөдлөх хөрөнгийг нь олж өгөх үйлчилгээ үзүүлэх сонирхолтой бүхий л мэргэжилтнүүдэд зориулсан. Уг сургалтыг дүүргэж зэрэг авсан агентууд нь үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар хайж буй танд мэргэжлийн үйлчилгээ үзүүлж, таны үл хөдлөх хөрөнгө худалдан авах үйл явцыг хөнгөвчилж өгдөг. Хэрэв та үл хөдлөх хөрөнгө худалдан авах, түрээслэхээр хайж буй бол ABR зэрэгтэй агентуудад хандаарай.

SRS – Seller Representative Specialist

Худалдагч Талын Төлөөлөгч Мэргэжилтэн

Энэхүү зэрэг нь худалдагч талыг төлөөлөн, үл хөдлөх хөрөнгийг нь худалдан борлуулах үйлчилгээ үзүүлэх сонирхолтой бүхий л мэргэжилтнүүдэд зориулсан. Уг сургалт нь үл хөдлөх хөрөнгө борлуулах гэж буй үйлчлүүлэгчидтэй зуучлалын гэрээ хийх, үл хөдлөх хөрөнгийг зах зээл дээр байрлуулах, боломжит худалдан авагчад сурталчлах, үзүүлэх, гүйлгээний хаалтын үе шатууд зэрэг агуулгатай сургалтын хөтөлбөр юм. Хэрэв та үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулах гэж буй бол SRS зэрэгтэй агентад хандсанаар таны хөрөнгийг мэргэжлийн өндөр түвшинд борлуулах болно.