ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗУРАГ АВАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС


Гэрээ гялалзтал нь цэвэрлээд зургаа авахад бэлэн болсон уу? Тэрнээс өмнө дараах зургийг сайтар ажиглан ямар зураг худалдан авагчийн анхаарлыг илүү татахыг бодолцоорой. 


ЭНГИЙН ЗҮЙЛСЭЭС ЭХЭЛ 

Толины тусгалд өөрийгөө оруулахаас зайлсхий 

Зурган дээрх толины тусгалд өөрийн чинь биеийн аль нэг хэсэг харагдаж байна уу? Тийм бол маш муу байна. Толь нь өрөөнд гэрэл нэмэхийн зэрэгцээ арай том харагдуулах давуу талтай ч хэзээ зураг авч буй хүний дүрс толины тусгалд байх ёсгүй юм. Толины урд авдаг сэлфигээ инстаграмдаа л хийгээрэй. 

Цэвэрлэхээ мартаж болохгүй

Ширээн дээр байгаа жижигхэн хувийн эд зүйлс зурган дээр эмх замбараагүй, анхаарал хандуулаагүй харагддаг. Хэн ч бусдын замбараагүй хувийн хэрэгслийг харахыг хүсэхгүй тул гэрийнхээ хаа нэгтэй анзаараагүй өнгөрсөн зүйлс байгаа эсэхийг анхааралтай шалгаарай. 

Зургийн өнцөг олох 

Буруу өнцгөөс зураг авах нь өрөөний хэмжээсийг алдагдуулж, хөндлөн болон босоо элементүүд нугарч харагддаг. Тиймээс зургаа авахдаа босоо болон суугаа байдлаас өөрийнхөө нүдний түвшнээс авах хэрэгтэй. Ингэснээр зургийг үзэж байгаа хүн тухайн өрөөнд өөрөө байгаа мэт өнцгөөс зургуудыг үзэх ба энэ нь өрөөний хэмжээс алдагдуулахаас сэргийлнэ. 

Өрөөгөө гэрэлтүүл

Тааруухан гэрэлтүүлэг нь тухайн өрөөг бүүдгэр, өнгөгүй харагдуулдаг тул хөшгүүдээ нээж, бүх гэрлээ асаагаарай. Мөн тавилгууд нь гэрлийг хэрхэн ойлгох эсвэл шингээхийг бодолцох хэрэгтэй. Жишээлбэл, цагаан болон цайвар шаргал өнгө нь хуучин тавилгыг сэргээж, гэрлийг ойлгон өрөөг илүү гэгээтэй харагдуулдаг. 

Зөвлөгөө: Хэрэв та зураг засварлах туршлагатай нэгэн бол зургаа илүү гэрэлтэй болгон засаарай. 


ТӨСӨӨЛӨЛ

Шөнө зураг авч болохгүй!

Хэрэв гадаа харанхуй бол цонхоор харагдах харууцыг үзүүлж чадахгүй. Тиймээс хэзээ ч шөнөөр үл хөдлөх хөрөнгийн зургийг авч болохгүй. Өдрийн цагаар зураг авч, бүх хөшиг болон цонхны хаалтыг нээж, байж болох бүхий л гэрлийг өрөөнд нэвтрүүлэх хэрэгтэй. 

Хувийн эд зүйлсээ ил бүү үлдээ 

Тэдди баавгай гэх мэт бэлэг дурсгалын зүйлс нь танд өнгөрсөн сайхан дурсамжийг тань авчирдаг бол худалдан авагчдад тухайн байшинг өөрийн амьдарч буйгаар төсөөлөхөд саад болдог. Өрөөний буланд буй жижиг сэнс ч таагүй мессежийг өгөх боломжтой. Өөрийн гэрийг хэт халуун, эсвэл хүйтэн мэт санагдуулах ямар нэгэн эд зүйлсийг ил байлгаж огт болохгүй. 

Зай талбайг хэрхэн ашиглахыг харуул 

Цонхны доорх хоосон талбай нь тухайн хэсэг газрыг ашигггүй мэт харагдуулах болно. Харин энэ зайнд тавилга, эд зүйлс байрлуулснаар өрөөний зай талбайг илүү ашигтай мэт санагдуулна. Дээрх зурган дээр цонхны дор хоёр сандал байрлуулснаар худалдан авагчдад цонхны наана суун өглөөний цайгаа ууж буйгаар төсөөлөх боломжийг өгч байна. 

Тод ялгарах өнгийг нэм

Завсрын өнгүүд нь илүү худалдан авагчдыг татах боловч тод өнгө нь зургийг илүү амьд харагдуулна. Тухайн өрөөнд акцент өгөх тод ногоон өнгийг урлагийн бүтээл болон декорын хамт зохицуулан байршуулах хэрэгтэй. 

Зөвлөгөө: Мэргэжлийн гэрэлтүүлэг болон тогтоогч байхгүй бол зураг бүрсгэр гарах магадлал өндөр. Гурван хөлтэй камер тогтоогч ашиглавал зураг тань маш тод гарах болно. 


ҮЗЭЖ БУЙ ХҮМҮҮСТ ТААТАЙ БАЙЛГАХ 

Үзэж буй хүнийг харах хүрээг халхалж болохгүй

Сэтгэл зүйч шиг сэтгэ. Үзэж буй хүний урд буйданг арагш нь харуулж тавих нь хүн лүү нуруугаа харуулж зогссоноос өөрцгүй. Энэ нь бүдүүлэг бөгөөд үзэж буй хүнийг халхална. Үүний оронд тавилгуудыг өөрөөр байршуулж, үзэж буй хүнийг саадгүй харахаар зохион байгуулаарай. 

Залгууруудыг салга

Өрөөг цэгцтэй харагдуулахад цахилгаан хэрэгслүүдийн зохион байгуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг. Зурагтын удирдлагууд, видео тоглоом тоглуулагчид, DVD болон бусад электрон хэрэгслүүдийг нүднээс далд хийх хэрэгтэй. Хананд буй залгууруудыг салгаж, орооцолдсон кабелуудыг хураах нь зүйтэй. 

Бодит биш идеал амьдралыг харуулахыг зорь

Дээдрх зурагны зүүн доод буланд байгаа гутлыг харж байна уу? Худалдан авахаар сонирхож буй хүн ч бас харж байгаа. Зочны өрөөнд гэр бүлээрээ ихэнхи цагаа өнгөрөөдөг учир жижиг сажиг олон зүйлс энд хөглөрөх талтай байдаг. Зураг авахаас өмнөх шалгах зүйлсийн жагсаалт гаргаж, өрөө бүр зураг авалтанд бэлэн эсэхийг нягтлаарай. 

Гол хэсэг рүү анхаарлыг тат

Асаж буй галын дөл ил зуухны хэсэг рүү анхаарлыг төвлөрүүлж байгааг дээрх зурагнаас харж болохоор байна. Өрөөний давуу талуудыг тодруулсан байдлаар тавилгуудыг байршуулах хэрэгтэй. Ил зуух, декор хана гэх мэт хэсгүүдийг тодруулж, зурганд сайн харагдахаар өнцгөөс зураг аваарай. 

Зөвлөгөө: Ихэнхи зургуудаа хөндлөн байдлаар аваарай. Хэдийгээр ухаалаг утасны камер стандарт хэлбэрээ хөндлөнгөөс босоо руу сольж байгаа ч хүний нүд юмсыг хөндлөн зуйван дүрсээр хардаг. Тиймээс хөндлөн зураг хүний тархинд харахад илүү таатай байдаг байна. 


НҮДИЙГ АЖИЛЛУУЛАХ

Хөдөлгөөнгүй байлгахаас зайлсхий

Шат болон дугуй аркны зураг авахад ихэвчлэн хүндрэлтэй байдаг ч эдгээр нь тухайн үл хөдлөх хөрөнгөд характер өгч байдаг. Иймэрхүү зүйлс дээр урт ургамлыг байршуулж үзэж буй хүний нүдийг дээш нь гүйлгэ.

Эв хавгүй харагдуулахаас зайлсхий

Хэрвээ та тухайн зайг хэрхэн ашиглахаа мэдэхгүй байгаа бол худалдан авагч ч мөн мэдэхгүй, тиймээс тухгүй хоосон зай үлдээж болохгүй. Үүний оронд тухтай хөдөлдөг сандал тавьснаар шатан доорх зайг асуудал биш хэрэгтэй талбай болгон харагдуулж, очоод суумаар тухтай мэдрэмж төрүүлж байна. 

Материалуудаа гайхуул

Гэгээлэг гэрэл өрөөг том харагдуулаад зогсохгүй плита, чулуун шал гэх мэт сайн чанартай материал болон ур хийцийг ойлгож, хүний анхаарлыг тийш нь татдаг.

Зураг авч буй байршлаа өөрчлөх

Өрөөний зургийг эгц урдаас авах нь өрөөг жижиг харагдуулж магадгүй. Харин бага зэрэг баруун эсвэл зүүн талаас авахад зураг үзэж буй хүнд тухайн өрөө бусад өрөөнүүдтэй хэрхэн холбогддог хийгээд тухайн байшингий ерөнхий дүр зургийг ойлгоход дөхөмтэй. 

Зөвлөгөө: Зураг авалтын үеэр хамгийн сайн нягтралаар аль болох олон зураг авахыг хичээгээрэй. Тэгснээр олон зургаас хамгийн сайн хувилбарыг нь сонгож, шаардлагатай бол зургийг хасч засварлах боломжтой. 

ХАМГИЙН САЙХАН ЗҮЙЛСЭЭ ХАРУУЛ

Хэтрүүлэх хэрэггүй

Харанхуй бараан зураг тухайн орон зайг бүүдгэр, уйтгартай харагдуулдаг гэдгийг та одоо мэдсэн байх. Тэгвэл хэт хурц нар сүүдрийг алга болгож, өрөөг тодорхой бус харагдуулдаг. Үүнийг бодолцон нар цонх руу болон эгц өөдөөс тусахааргүй өнцгөөс зураг авалтаа төлөвлөөрэй. 

Зураг харж буй хүнийг өөр зүйл рүү төөрүүлэхгүй байх

Дээрх зураг цаашаагаа гүн орсон тул үзэж буй хүний нүд цаана байгаа модон дээр тусаад тэндээ үлддэг. Харин арай цаашлуулан зургийн гүнийг багасгаснаар хүмүүс цаана буй байгалийг харах боловч анхаарал нь таны зарах гэж буй байшин дээр хэвээрээ байх болно. 

Ойрт

Заримдаа энгийн байх нь дээр байдаг. Камераа хойшлуулж зургандаа бүх зүйлийг багтаах гэж оролдсоны оронд ширээн дээр тавьж авсан нь үзэж буй хүмүүст илүү сайхан харагдахын зэрэгцээ ширээн дээр сууж тухламаар мэдрэмж төрүүлж байна. 

Үзэж буй хүмүүсийн нүдийг баясга

Ширээг хоосон байлгалгүй бүтээлэг дэвсэж, үдэшлэгийн уур амьсгал оруулан шилэн хундага тавьж цэцгээр чимэглээрэй. Мөн гадаах энэ хэсгүүдэд ногоон ургамал тавьснаар гаднах байгальтай хослон холбогдох болно. 

Зөвлөгөө: Улирлын давуу талыг ашиглан байшингаа сүүлийн үеийн харагдуулаарай. Хэрэв зуны улирал бол байшингийн гаднах хашааны нарлаг зургийг аваарай. Хэрэв өвөл бол ил галаа асаан, зузаан нөмрөг бэлдэж тухтай, дулаахан уур амьсгалыг бүрдүүлээрэй. 

Дээрх жижиг өөрчлөлтүүд нь маш сайн зургийг энгийн нэгэн зургаас ялгаруулдаг. Зураг авалтын үеэр зургаа байн байн шалгаж, бусад хүмүүст хэрхэн харагдахыг тооцоолоорой. Зураг авах үедээ жаахан хичээл зүтгэл гаргачихад дараа нь засах цагийг нь маш их хэмнэх болно.