ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛҮҮД


Хэрэглэгчдэд эцсийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ илүү хялбар, илүү баталгаатай хүрч байна гэдэг нь тухайн бизнесийг дагаж бас дэмжиж хөгждөг бүхий л салбар, бүтэц нийтээрээ хөгжиж буйн сайн илрэл юм. Өдөр ирэх бүр хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ алхам алхмаар ойртсоор байгаа үйлдвэр, үйлчилгээний салбар бүрд хийгдэж буй тэдгээр өөрчлөлтүүд хэрэглэгчийн нүдэнд энгийн харагдах ч, үнэндээ бүтцийн хувьд томоохон шинэчлэлүүд байх нь олонтаа. Тэр л шинэчлэлүүдийн уг үндэс болох техник технологийн нөлөөгөөр үл хөдлөх хөрөнгийн салбар хэрхэн уламжлалт хэлбэрээс улам бүр холдсоор байгааг дор харуулахаар бэлтгэлээ. Уг салбарт ямар ямар шинэ технологиуд нэвтэрч байна вэ?

PROPTECH

Хоёр жилийн өмнө гэхэд шинэлэг байсан энэ ойлголт өнөөдөр ойлгомжтой л зүйл мэт болчихсон тийм л хурдтай хөгжил дунд бид амьдарч байна. Гэсэн ч үл хөдлөх хөрөнгийн салбарын технологийн хэрэглээг ярьж буй энэ сэдвийн хувьд Proptech хэмээх нэр томъёог дурдахгүй өнгөрч болохгүй. Proptech гэдэг нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг эдийн засаг, технологи, барилга, бүтээн байгуулалт гээд холбогдох салбаруудтай нь цогцоор нь авч үзэн, түүнд суурилсан технологийн дэвшилтэт шинэ шийдлийг санал болгох тухай ойлголт юм. Таны хайсан хайлт, орж үзсэн илэрцүүдийн мэдээлэл дээр үндэслэн танд таалагдаж магадгүй үл хөдлөхийг автоматаар харуулах, талбайн хэмжилт, бүтээмжтэй зохион байгуулалт зэргийг автоматаар тооцоолох зэрэг үл хөдлөхтэй холбоотой хийгдэж буй бүхий л технологи суурьтай бүтээгдэхүүн, үйлчилгээ энэ ойлголтод хамаарна. 2018 онд гэхэд Proptech компаниуд нийт 18 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон бөгөөд жил ирэх бүр энэ тоо өссөөр байгаа юм. Хачирхалтай нь салбар тэлж, зах зээлд эргэлдэх хөрөнгийн хэмжээ ихсэх тусам энэ чиглэлд шинээр нэмэгдэж буй болон, үйл ажиллагаа явуулах компанийн тоо буурсаар байгаа ажээ.

Ингээд үл хөдлөх хөрөнгийн салбарын ирээдүйг тодорхойлж буй Proptech-ийн гол трендүүд болсон технологиудыг дор авч үзэцгээе.


1. ДАТА БУЮУ ӨГӨГДӨЛ

21 дүгээр зууныг "Мэдээллийн эрин зуун" хэмээн нэрлэж буй. Мэдээллийн ачаар л бид өмнө нь хүн төрөлхтний түүхэнд байгаагүй олон зуун техник технологийн ололтуудтай танилцаж, өдөр тутмын амьдралын хэв маягаа илүү хялбар болгон өөрчилсөөр байна. Тэрхүү хөгжлийн хурдыг бидэнд авч ирж буй гол зүйл болох мэдээллийг энэ цаг үед "Дата" буюу өгөгдөл хэмээн нэрлэх болсон. Хэрэглэгчийн онлайн худалдан авалт, цахим хэрэглээ, интернетийн хайлт зэргээс худалдан авалтын онцлог, эрэлт, хобби, хэрэгцээ гээд олон төрлийн датаг цуглуулж болдог ба эдгээр мэдээлэлд үндэслэн бизнесийн байгууллагууд илүү ухаалаг төлөвлөлтүүдийг хийх боломжтой болж байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарт ч ялгаагүй энэ бүхэн үйлчилнэ. Энэ салбарт дата мэдээлэл арвин болох тусам хөрөнгийн үнэлгээ, худалдан авалт зэрэг тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай ажлууд хормын төдийд хийгддэг болох учиртай.

Дата яагаад чухал вэ?: Жишээ нь гэхэд, Шинэ Зеланд улсад 2011 оны хоёр болон зургаан сард буюу дөрөвхөн сарын зайтай болсон хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлтийн улмаас 6000 орчим бизнес бүрэн болон түр хугацаанд датагаа алдсаны улмаас дампуурсан байдаг.
2018 онд хэвлэгдсэн Forbes сэтгүүлд "Дата бол хамгийн үнэ цэнтэй ч хамгийн үл тоогддог баялаг юм." хэмээсэн нь дээрх жишээтэй ч холбогдож буй.


“WE ARE RE/MAX” цахим арга хэмжээнд тавигдсан "Дата-Үнэт зүйл" сургалтаас

2. ОНЛАЙН ЛИСТИНГ

Өмнө нь бид үл хөдлөх хөрөнгө худалдан авах болон зарж борлуулахдаа сонинд хандаж, үсэгний тоонд хязгаарлагдаж “Зарна” эсвэл “Авна” гэсэн ерөнхий мэдээлэл хэвлүүлдэг байсан бол өдгөө интернетийн хэрэглээ нэмэгдэх тусам тэр уламжлал бага багаар мартагдах болсон билээ. Гэхдээ энд байшин эсвэл газрынхаа зарыг зүгээр л нэг фейсбүүк группт хүссэнээрээ тавиад орхих хэрэглээг яриагүй юм шүү.

Орчин үеийн, худалдан авах шаардлагад нийцсэн, нээлттэй, бүрэн бүтэн, хайлтын боловсронгуй системтэй мэдээллийн сангийн тухай ярьж байна. Мэдүүлэхийг л хүсдэг бүх зүйлс биш мэдэх ёстой бүх зүйлсийг цогцоор нь байршуулж, таны цаг завыг хэмнэдэг тийм мэдээллийн сан энэ салбарын технологийг хөгжүүлэх буюу дата цуглуулах үндэс суурь болох нь тодорхой. Одоогийн байдлаар л гэхэд ямар нэг зүйл худалдан авахаар төлөвлөж буй хэрэглэгчдийн 70 хувь нь хэдийн судалгаагаа онлайнаар хийдэг болсон гэсэн тоо бий.

3. ХИЙМЭЛ ОЮУН

Мэдээж хэрэг Machine learning, хиймэл оюун гэх мэт хаа сайгүй яригдах болсон энэ технологи үл хөдлөх хөрөнгийн салбарыг ч тойрон өнгөрөхгүй. Үл хөрөнгө хөрөнгийн салбарт ашиглагдах хиймэл оюун нь үл хөдлөх хөрөнгө зуучлагчдад хөрөнгийн үнэлгээ хийх, боломжит харилцагчид хамгийн боломжит хувилбаруудыг санал болгох зэрэгт бодит туслалцааг үзүүлэх бөгөөд ингэснээр энэ салбарт гарч буй үргүй зардлыг бууруулж, ашигтай ажлуудад төвлөрөхөд туслах учиртай. Энэ чиглэлийг хөгжүүлэхийн тулд л салбарын тоглогчид болон технологийн компаниуд дата цуглуулах буюу онлайн жагсаалт, листинг, мэдээллийн сангуудыг үр дүнтэйгээр баяжуулах ажилд түлхүү анхаарч байгаа нь ойлгомжтой болов уу.

Жишээ нь: Алибаба 2017 онд Alipay-ээрээ дамжуулан мэдээлэл нь бүрэн, худалдан авалтын муу түүхгүй тодорхой хэрэглэгчдэдээ нь апп-аар дамжуулан түрээслэх орон сууцаа хайж, авах боломжтой болгосон бол, Tencent гэхэд БНХАУ-ын хамгийн том үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани болох Lianjia-д нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт дээр нэмээд онлайн жагсаалтын платформ болох Beike Zhaofang-д 800 сая ам.долларын санхүүжилт хийсэн байна.


4. AR/VR ТЕХНОЛОГИ – ВИРТУАЛ АЯЛАЛ

360 градуст дүрс буюу гурван хэмжээст технологийг ашиглан та дэлхийн хаанаас ч авахаар сонирхож буй байрныхаа дотоод засал чимэглэл, тохь тухыг яг л очсон мэтээр мэдрэх харах боломжтой болсон гэвэл итгэх үү. Үнэнийг хэлэхэд энэ тийм ч шинэлэг технологи биш л дээ. AR/VR технологи нь 2015 оны үед буюу анх танилцуулагдаж эхлэхээс л үл хөдлөх хөрөнгийн салбарынхан үүнийг борлуулалтын чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг мэдэж байлаа. АНУ-д гэхэд жил бүр 2.7 гаруй их наяд ам.доллар эргэлддэг энэ том салбарт уг технологи 2025 он гэхэд 2.6 тэрбум ам.доллар эргэлддэг нөлөө бүхий технологи болно гэсэн тооцоо ч бий.

Жишээ нь: Үл хөдлөхийн салбарт энэ чиглэлийн олон програм, технологиуд хөгжүүлэгддэгийн дотор дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын нэг болох Microsoft-ийн хөгжүүлж буй Altoura-г дурьдаж болох юм. Энэ нь дан ганц одоо буй орон сууцны виртуал буюу дүрст аяллыг хийхээс гадна ирээдүйд баригдах үл хөдлөхийн загварчлалыг гаргаж, гурван хэмжээст орчинд зохион бүтээж түүнийгээ Hololens ашиглан хэрэглэгчдэд танилцуулах боломжтой гэх мэт үйлдвэрлэгч, борлуулагч, худалдан авагчдад харилцан ашигтай олон давуу талыг бий болгох технологи ажээ.


5. ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ

Хэрэглэгчдийн цагийг хэмнэх, үзүүлж буй үйлчилгээг илүү хүртээмжтэй болгохоор хөгжүүлэгдэж буй нэг технологи бол цахим гарын үсэг. Тухайн хэрэглэгч цахим гарын үсэгтэй болсноор хаанаас ч аливаа гэрээ байгуулах, мөнгөн гүйлгээ хийх гэх мэт хэрэглэгчийн зөвшөөрөл шаардлагатай албан ёсны харилцаанд найдвартай бөгөөд хялбараар орж болох боломжтой болох юм. Цахим гарын үсэгний гол давуу тал нь аюулгүй, хууль ёсны байхад л чиглэдэг тул илүү хавтгай, илүү завгүй болох ирээдүйд энэ төрлийн технологийг бүгд л хэрэглэдэг болох нь гарцаагүй.


6. БЛОКЧЕЙН

Нэг хэсэг санхүү болон технологийн салбарыг шуугиулаад авсан блокчейн технологийн ажиллагааны систем өнөөг хүртэл хэлбэрээ тийм ч сайн олоогүй, хөгжөөгүй байгаа ч гэлээ уг технологид суурилсан криптовалют буюу цахим мөнгө хэрэглэгчдээ хэдийн олж, хэрэглээнд нь нэвтрээд эхэлсэн. Тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн худалдаанд нэвтрээд эхэлсэн, криптовалютад суурилсан үл хөдлөх хөрөнгийн компаниуд гарч ирсэн зэрэг нь биткойний үнэ цэн, хэрэглээ ирээдүйд хэрхэн өсөхийг харуулсаар байгаа юм. Хэдийгээр татвар, хэрэглээний хүрээ гэх мэт ойлгомжгүй асуултууд ихтэй ч бүх л зүйлс дижиталд шилжиж буй энэ үед блокчейн технологийг тоолгүй өнгөрч боломгүй. Сүүлийн арванд л гэхэд 200 гаруй тэрбум ам.доллартай тэнцэхүйц валютын санг бий болгож чадсан гэдэг нь л үүний том гэрч болно.

Эх сурвалж: Unread.today