Үл хөдлөх хөрөнгийн хууль, бүртгэлтэй холбоотой асуултууд


1. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахдаа ямар асуудалд анхаарах шаардлагатай вэ?

Юуны өмнө тухайн худалдаж авах гэж буй үл хөдлөх эд хөрөнгийг эрх зүйн маргаантай эсэх талаар судлах шаардлагатай бөгөөд лавлагаа авах нь аливаа эрсдлээс хамгаалах аргуудын нэг юм.

Мөн худалдах-худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлэх бөгөөд уг гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.

2. Үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээг бүртгүүлэхэд юуг анхаарах вэ?

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /эд хөрөнгийн оршин байгаа дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн тасаг/ мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно. /ЭХӨЭТХЭДБЭУБТ Хуулийн 13.1/ Тодорхой болзол тавьсан, эсвэл гэрээний үүргийг хэсэгчлэн биелүүлэхээр гэрээнд заасан тохиолдолд өмчлөх эрхийг хэдийд шилжүүлэх тухай гэрээний заалтыг баримтлах бөгөөд болзол хангагдсаны дараа буюу үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсаны дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр гэрээнд заасан бол энэ тухай эрх шилжүүлж байгаа этгээдийн тодорхойлолтыг мэдүүлэгт хавсарган авна. Энэ тодорхойлолт /албан бичиг, өргөдөл/ ньхуулийн этгээдийн хувьд эрх баригчийн гарын үсэг, тамга, тэмдгээр, иргэний хувьд гарын үсгээр тус тус баталгаажсан байна.

3. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд юу юу хамаарах вэ?

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл гэдэг нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг хэлнэ. Тодорхойлбол, үл хөдлөх эд хөрөнгө анх үүсвэл түүнийг бүртгүүлнэ, мөн өмчлөх эрхээ бусдад худалдах, шилжүүлэх, барьцаалах, түрээслэх болон устсан тохиолдолд тус тус бүртгэлүүдийг хийх ёстой. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 10 төрөл байдаг бөгөөд 60 гаран үйлчилгээний төрөл байдаг.

4. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээг e-Mongolia аппликешнээс хэрхэн авах вэ?

Улсын бүртгэлийн ерөнхий газар нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 36 төрлийн үйлчилгээг e-Mongolia цахим системд нэвтрүүлэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа ба одоогоор 12 төрлийн үйлчилгээг нэвтрүүлээд байна. Иргэд дээрх үйлчилгээнээс авахыг хүссэн үйлчилгээгэээ сонгон нотлох баримтын жагсаалтын хамт хүсэлтээ илгээнэ. Ийнхүү хүсэлт илгээхийн зэрэгцээ burtgel.gov.mn сайтаас мэдүүлгийн загвар маягтыг татан авч бөглөөд тухайн үйлчилгээ авахад шаардлагатай нотлох баримтыг хавсарган Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хаяглан шуудангаар хүргүүлнэ. Ийнхүү илгэсээн хүсэлт, цаасан нотлох баримтыг хүлээн авч хянаад улсын бүртгэлд бүртгэсэн бол бүртгэгдсэн гэдэг гэрчилгээ, татгалзсан бол энэ тухай мэдэгдэл, нотлох баримтыг иргэний хүсэлт илгээсэн хаяг руу шуудангаар буцаан хүргүүлэх болно. Иргэдийн зонхилон авдаг үйлчилгээ болох газар өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэх хүсэлтийг уг системээр дамжуулан хүлээн авах боломжтой болсон. Тухайлбал Сүхбаатар дүүрэгг оршин суудаг иргэн Багануур дүүргийн нутаг дэвсгэрт өмчилж авсан газраа эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхийн тулд үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Багануур дүүргийн улсын бүртгэлийн хэсэгт хандан мэдүүлэг гаргах шаардлагатай байдаг. Харин энэхүү үйлчилгээг e-Mongolia системээр дамжуулан хүсэлтээ илгээж, нотлох баримтаа шуудангаар хүргүүлснээр иргэд цаг хугацаа, санхүүгээ хэмнэх давуу тал бий болгож байна. Одоогоор энэ үйлчилгээг нийслэлийн хэмжээнд үзүүлэх боломж бүрдсэн.

5. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хамтран өмчлөгч нэмж оруулах бол яах вэ?

Энэхүү бүртгэл нь өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусдад бэлэглэх, худалдан гэсэн төрөлд хамаарна. Энэ бүртгэлийг хийлгэхдээ нотариатаар заавал гэрчлүүлэх бөгөөд уг гэрээн дээр тухайн гэрчилгээн дээр бичигдсэн насанд хүрсэн иргэд гарын үсэг зурах ёстой. Хэрвээ насанд хүрээгүй хүүхэд бол хууль ёсны төлөөлөгч гэрээнд гарын үсэг зурна.

6. Хувийн хашаа байшингаа улсын бүртгэлд анх удаа хэрхэн бүртгүүлэх вэ?

Хувийн хашаа байшингийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд өөрөө барьсан эсвэл худалдаж авсан гэх мэт өмчлөх эрхтэй холбоотой нотлох баримтуудыг бэлтгэнэ. Байшин бол доод газартайгаа салшгүй холбоотой байдаг тул газар өмчилсөн шийдвэр, газар эзэмших гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг (кадастрын зурган дээр бүртгүүлэх гэж буй эд хөрөнгийн зураг зайлшгүй орсон байх ёстой). Өмчилсөн газрын тухайд газрын хянан баталгааны дүгнэлт, зураг, хуульд заасан үйлчилгээний хураамж гэх мэт зүйлсийг бүрдүүлнэ.

7. Мэдээлэл, лавлагааг хэрхэн авах вэ?

Лавлагаа мэдээллийг ТҮЦ машин, улсын бүртгэлийн байгууллагын харъяа нэгжээс авах боломжтой. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын burtgel.mn гэсэн вэб сайтнаас эд хөрөнгө өмчлөгч этгээд өөрийн өмчлөлийн эрхийн бүртгэлийн мэдээллийг үнэ төлбөргүй авах эрхтэй байдаг. Мөн e-Mongolia цахим системд нэвтрэн зарим төрлийн лавлагааг авах боломжтой.

8. Би амьдарч байгаа орон сууцаа аав, ээжийн хамт хамтран өмчилдөг бөгөөд аав маань бурхан болсон. Одоо гэрчилгээн дээрээсээ аавынхаа нэрийг хасуулах гэсэн юм. Мөн улсын бүртгэлийн гэрчилгээгээ хаяж гээгээд олохгүй байгаа тул дахин авахаар хүсэлт гаргаж болох уу. Болох бол ямар материал бүрдүүлэх вэ?

Та өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөгдөх болон үрэгдүүлсэн гэрчилгээг дахин авах хүсэлтээ манай бүртгэлийн байгууллагад гаргаж болох бөгөөд мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана. Үүнд:

  • - гэрчилгээг хүчингүйд тооцуулсан сонингийн зар / гэрчилгээний дугаар болон улсын бүртгэлийн дугаар, эд хөрөнгийн хаягийг тусгасан байх/
  • - өвлөх эрхийн гэрчилгээ /өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтээ өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргах бөгөөд нотариатаас хууль ёсны өв залгамжлагчид өвлөх эрхийн гэрчилгээ олгоно./
  • - тус байгууллагад гаргасан хүсэлт /нотариатаар гэрчлүүлсэн байх/
  • - мэдүүлэг бөглөх
  • - төлбөр төлсөн баримт /20000 төгрөг/

9. Миний өмчлөлийн орон сууцны талбайн хэмжээ гэрчилгээн дээр 18 м.кв гэж ашигтай талбайн хэмжээгээр бичигдсэн байдаг. Нийт 35 м.кв талбайтай бөгөөд энэ хэмжээгээ улсын бүртгэлийн гэрчилгээн дээр ямар материал бүрдүүлж бичүүлэх вэ?

Та орон сууцныхаа талбайн хэмжээг өөрчлүүлэх тухай мэдүүлэг гаргах бөгөөд мэдүүлэгтээ барилгын зураг төсөл, хэмжилт хийх эрх бүхий байгууллагын дүгнэлт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдөл, үйлчилгээний хураамж төлсөн баримтын хамт хавсаргана. /Үйлчилгээний хураамж энгийн үйлчилгээ 8000 төгрөг, яаралтай 16000 төгрөг/

10. Эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандахад ямар үед итгэмжлэл шаарддаг вэ?

Мэдүүлэг хүлээлгэн өгөх, бүртгэгдсэн гэрчилгээ, гэрээг олгох зэрэгт өмчлөгч нь өөрийн биеэр ирээгүй тохиолдолд түүнийг төлөөлж байгаа этгээдээс тухайн үйлдэлд төлөөлөх хууль ёсны итгэмжлэлтэй байхыг шаардана. /эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 12.8 /

11. Би Чингэлтэй дүүрэгт орон сууц худалдаж авч байгаа юм. Байрны төлбөрөө 100% төлөх боломжгүй учраас эхний ээлжинд 50%-ийг бэлнээр өгөөд үлдсэнийг нь 2022 оны 06 дугаар сард багтаан төлж дуусахаар худалдаж байгаа хүнтэйгээ тохирсон юмаа. Энэ тухайгаа гэрээндээ төлбөрөө бүрэн төлж дууссаны дараа гэрчилгээгээ миний нэр дээр шилжүүлэхээр тусгасан. Намайг төлбөрөө барагдуулж дуусах хугацаанд энэ байрыг өөр хүнд худалдахгүй байх тал дээр хамгаалсан бүртгэл байдаг болов уу?

Та урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно. Энэ тохиолдолд та худалдаж байгаа хүнтэйгээ хамт Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болох Мишээл төв, Дүнжингарав төв, Оргил төв, Драгон төвд доорх баримт бичгийг бүрдүүлэн хандаж болно.Үүнд:

  • - Мэдүүлэг /бүртгэлийн байгууллагын хүлээн авах цонхноос авч хамт бөглөнө/
  • - Худалдах, худалдан авах гэрээний хуулбар
  • - Үйлчилгээний хураамж 5000 төгрөг тушаасан баримт бүхий мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэж мэдэгдэнэ. /Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйл/

12. Гадаадын хөрөнгө оруулалттай 2 компани хамтын эзэмшлийн эд хөрөнгөө нэг компанидаа шилжүүлэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Дундаа хэсгээр өмчлөгч этгээд иргэний хуульд заасан журмын дагуу давуу эрх эдэлж мэдүүлэг гаргах ба эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт зохих өөрчлөлт оруулж шинэ өмчлөгчид бүртгэлийн гэрчилгээ олгоно. Хоёр талын хуулийн этгээдийн тамга тэмдэг, төлөөлөх эрхтэй этгээдийн гарын үсгээр баталгаажсан гэрээ хэлцэл, албан тоот хавсарган мэдүүлэг гаргах ба мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор шийдвэрлэнэ.

13. 100 м.кв талбайтай оффисийн өрөөний 30-50 метр квадрат талбайг түрээслэхэд түрээсийн гэрээг яаж бүртгүүлэх, ямар баримт бичиг шаардагдах вэ?

Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэсэн бол аль нэг талын гаргасан мэдүүлэг болон гэрээг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэх ба гэрээнд түрээслүүлэх эд хөрөнгийн хэмжээ, байршил, гэрээний үнэ, нөхцөл, хугацааг тусгана. Тодорхой хэсгийг хэсэгчилэн түрээслэх бол түрээслэх болон үлдэж байгаа хэсгийн план зургийг тусгайлан зурж, гэрээнд оролцогч хоёр тал гарын үсэг зурсан байх бөгөөд энэ нь гэрээний бүрдэл хэсэг болно. Үйлчилгээний хураамж 10.000 төгрөг, ажлын гурван хоногийн дотор шийдвэрлэнэ.

14. Хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийн мэдэгдлийг хаана хандаж, хэрхэн бүртгүүлэх вэ?

Хөдлөх эд хөрөнгийн барьцааны мэдэгдлийн бүртгэл нь бүхэлдээ интернэт орчинд суурилсан ба барьцааны мэдэгдлийг бүртгүүлэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, бүртгэлийг цуцлах зэрэг бүртгэлийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын mpr.gov.mn хаягаар хандан бүртгүүлнэ.

Цахим мэдээллийн санд барьцааны мэдэгдлийг хэрхэн бүртгүүлэх асуудлыг 2017 онд батлагдсан Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийн журмаар зохицуулдаг. Тухайн журамд зааснаар иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн байгуулагатай гэрээ байгуулан, цахим мэдээллийн санд нэвтрэх эрхийг нээлгэнэ. Ийнхүү гэрээ байгуулахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  • - Иргэн өөрийн үнэмлэхний эсхүл түүнтэй адилгах баримт баримтын, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар;
  • - Эрх нээлгэх тухай иргэний өргөдөл, хуулийн этгээдийн албан бичиг;
  • - Админы эрх авах этгээдийн иргэний үнэмлэхний эсхүл ажлын газрын үнэмлэхний хуулбар.

15. Урьдчилсан тэмдэглэлийг хаана хийлгэх вэ? Бүрдүүлбэр нь юу байх вэ?

Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангахын тулд улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно.” гэж заасан байдаг.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу:

  • - Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч, өв залгамжлагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор;
  • - Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь;
  • - Эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгө олж авсан этгээд Иргэний хуулийн 185 дугаар зүйлд заасны дагуу тус тус урьдчилсан тэмдэглэл хийж болно.

Урьдчилсан тэмдэглэл хийлгэх мэдүүлгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч хамтран гаргах бөгөөд мэдүүлэгт гэрээ, хэлцэл, холбогдох бусад нотлох баримтын хуулбарыг хавсаргах ба гэрээслэгчийн мэдүүлгээр урьдчилсан тэмдэглэл хийхээр бол тухайн гэрээслэлийг гэрчилсэн нотариатчийн тодорхойлолтыг үндэслэнэ.

Урьдчилсан тэмдэглэл хийлгэхдээ бүрдүүлэх материал нь бүртгүүлэх шаардлагаас хамааран өөр өөр байх тул Улсын бүртгэлийн байгууллагын www.burtgel.gov.mn вэб сайтаас холбогдох мэдээллийг авах боломжтой.

ХААНА БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

Урьдчилсан тэмдэглэл хийлгэх бүртгэлийг нийслэлд харьяа дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд, орон нутагт Улсын бүртгэлийн хэлтэст хандан мэдүүлэг гаргаж, бүртгүүлнэ.

16. Үл хөдлөх хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөх бүртгэлийг бүртгүүлэхэд ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?

Үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөнийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэгт дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:

ИРГЭНД ӨМЧЛҮҮЛСЭН ГАЗРЫН ХЭМЖЭЭ ӨӨРЧЛӨГДСӨН ТОХИОЛДОЛД:

  • - Мэдүүлэг
  • - Үйлчилгээний хураамж 8000 төгрөг төлсөн баримт.
  • - Иргэний гаргасан өргөдөл
  • - Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувь
  • - Өмчүүлсэн газрын хэмжээг өөрчилсөн тухайн шатны Засаг даргын захирамж
  • - Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт
  • - Газрын байршлын кадастрын зураг

ГАЗРААС БУСАД ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ ӨӨРЧЛӨГДСӨН ТОХИОЛДОЛД:

  • - Мэдүүлэг
  • - Үйлчилгээний хураамж 8000 төгрөг төлсөн баримт
  • - Иргэний гаргасан өргөдөл, хуулийн этгээдийн хүсэлт
  • - Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувь
  • - Үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээний өөрчлөлтийг тусгасан кадастрын зураг
  • - Барилгын зураг төсөл, хэмжилт хийх эрх бүхий байгууллагын дүгнэлт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  • - План зураг
  • - Дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг

17. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өөрчлөгдөх бүртгэлийг хаана бүртгүүлэх вэ? Бүрдүүлбэр нь юу байх вэ?

Эрхийн улсын бүртгэлд тусгах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг дараах тохиолдолд доор дурдсан дэс дарааллаар тодорхойлно:

  • - Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд тухайн хөрөнгийн захиалгын гэрээнд заасан үнэ, захиалгын гэрээнд заасан үнэ байхгүй бол батлагдсан төсөвт өртгөөр тодорхойлогдсон үнэ;
  • - Газрын өмчлөх эрхийг анх удаа эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд эрх бүхий байгууллагаас тогтоосон суурь үнэ, суурь үнэ байхгүй бол өмчлөгчийн мэдүүлсэн зах зээлийн үнэ;
  • - Өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг шилжүүлэн бүртгүүлэх тохиолдолд гэрээ, хэлцэл, эсхүл эрх шилжүүлсэн шийдвэрт тусгагдсан үнэ;
  • - Үнийн талаар өөрчлөлт орсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээдээр тогтоолгосон үнэ.

ХААНА БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өөрчлөгдөх бүртгэлийг нийслэлд харьяа дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд, орон нутагт Улсын бүртгэлийн хэлтэст хандан мэдүүлэг гаргаж, бүртгүүлнэ.

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

  • - Мэдүүлэг
  • - Иргэний гаргасан өргөдөл, эсхүл хуулийн этгээдийн хүсэлт
  • - Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээдийн үнэ тогтоосон баримт бичиг
  • - Тусгай зөвшөөрлийн хуулбар /хөрөнгийн үнэлгээ хийх/
  • - Үйлчилгээний хураамж 8000 төгрөг төлсөн баримт.

АНХААРАХ ЗҮЙЛС:

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өөрчлөгдсөн бол Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хөтлөх журмын 8 дугаар зүйлийн 8.2.4-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээдээр үнэ тогтоолгоно.

Дээрх үнэлгээг аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.4.9-д заасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр хийлгэнэ.

18. Эд хөрөнгийн зориулалт өөрчлөгдсөн тохиолдолд ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?

  • - Мэдүүлэг
  • - Үйлчилгээний хураамж 8000 төгрөг төлсөн баримт
  • - Иргэний гаргасан өргөдөл, эсхүл хуулийн этгээдийн хүсэлт
  • - Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувь
  • - Зориулалт өөрчилсөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрэл зураг

Зориулалт өөрчлөгдснийг нотлох баримт бичиг /үл хөдлөх эд хөрөнгийн төрлөөс хамаарч дор дурдсан нотлох баримтын аль нэг нь/:

  • - Зориулалтыг тусгасан улсын комиссындүгнэлт эсхүл эрх бүхий байгууллагын дүгнэлт
  • - Иргэний өмчийн газар дээр баригдсан барилга бол өмчлөгчийн гаргасан тодорхойлолт
  • - Шаардлагатай бол холбогдох хуульд заасан эрх бүхий албан тушаалтны зохих шийдвэр, дүгнэлт. Тухайлбал Мэргэжлийн хяналтын байгууллагын, Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт г.м

19. Бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн бүртгэлийг бүртгүүлэхэд ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?

Мэдүүлгийг бусдын өмчийн газар дээр барилга байгууламж барих эрхийг олж авсан этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргана.

  • - Барилга байгууламж барих эрх олж авсан гэрээний эх хувь /хуулбар бол нотариатаар баталгаажуулсан байх/
  • - Эрх үүсгэсэн шийдвэр
  • - Газар өмчлөгчийн зөвшөөрөл
  • - Үйлчилгээний хураамж 10.000 төгрөг төлсөн баримт.

20. Барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцны гүйцэтгэл өөрчлөгдөх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэхэл ямар баримт бичиг бүрдүүлэх вэ? /өмнө нь дутуу гүйцэтгэлтэйгээр бүртгүүлсэн тохиолдолд/

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

  • - Мэдүүлэг
  • - Үйлчилгээний хөлс 8000 төгрөг төлсөн баримт
  • - Иргэний гаргасан өргөдөл, эсхүл хуулийн этгээдийн хүсэлт
  • - Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувь
  • - Барилгыг ашиглалтанд хүлээн авсан комиссын дүгнэлт
  • - Үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг /өмнө нь дуусаагүй барилгад авсан байх тул шинэчлэн авна/

21. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар заавал гэрчлүүлэх шаардлагатай юу?

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.4-д “Хуульд өөрөөр заагаагүй бол талуудын аль нэг нь хүсвэл үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж болно.” гэж заасан тул заавал гэрчлүүлэх шаардлагагүй, харин талууд нотариатаар гэрчлүүлэхээр гэрээнд тусгасан тохиолдолд нотариатаар гэрчлүүлнэ.

22. Анхны бүртгэлийг хаана хандаж, хэрхэн бүртгүүлэх вэ? Анхаарах ямар асуудал байдаг вэ?

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэснээр өмчлөх эрх үүснэ гэж хуульчилсан.

Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг улсын бүртгүүлсэнээр улсын бүртгэлийн байгууллагаас дахин давтагдахгүй улсын бүртгэлийн дугаар олгогдоно.

Эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх материал нь бүртгэлийн үйлчилгээний төрлөөс хамааран өөр өөр байх тул Улсын бүртгэлийн байгууллагын www.burtgel.gov.mn вэб сайтаас холбогдох мэдээллийг авах боломжтой.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу аймаг, дүүрэг дэх бүртгэлийн байгууллагад хандаж мэдүүлэг гаргаж бүртгүүлнэ.

АНХААРАХ ЗҮЙЛС:

Эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхдээ өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг болон хууль, журамд мэдүүлэгт хавсаргахаар заасан нотлох баримтыг хавсаргана.

Мөн мэдүүлэг, бусад баримтад уг эд хөрөнгийн болон өмчлөх эрх бүхий этгээдийн мэдээллийг үнэн зөв мэдүүлнэ.

23. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг ямар тохиолдолд хаадаг вэ?

Улсын бүртгэгч дараах тохиолдолд мэдүүлэг гаргагчийн өргөдөл, холбогдох баримт бичиг, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллагын даргын шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хаана. Үүнд:

  • - Эрхийн улсын бүртгэлд тусдаа бүртгэгдсэн дундаа хэсгээр өмчилж байсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн хүсэлтээр нэг этгээдэд шилжсэн;
  • - Хоёр, түүнээс олон нэгж талбарыг нийлүүлж, нэг нэгж талбар болгосон;
  • - Шүүх, арбитрын шийдвэр гарсан;
  • - Эрх бүхий этгээдийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх дуусгавар болсон;
  • - Эрхийн улсын бүртгэл давхардсан;
  • - Захиалгаар барьсан орон сууцны жагсаалтаар тухайн орон сууцны эрх бүртгэгдэж дууссан;
  • - Өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан.

Эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд мэдүүлэгт хавсаргах баримт бичгийн бүрдүүлбэрийн мэдээллийг Улсын бүртгэлийн байгууллагын www.burtgel.gov.mn вэб сайтаас авах боломжтой.

24. Би Сүхбаатар дүүрэгт зуслангийн газар эзэмшдэг юм. Уг газрын эзэмших эрхээ бүртгэлийн байгууллагад бүртгүүлж дугаар авах гэсэн юм. Хаана хандах вэ?

Та Сүхбаатар дүүргийн газрын албаны даамалд хандаж хүсэлт гаргана. Газрын даамал нь таны гаргасан хүсэлт бүхий нотлох баримтыг бүртгэлийн байгууллагад цахимаар ирүүлсний үндсэн дээр улсын бүртгэлд бүртгэж дугаар олгож, газар эзэмших эрхийн гэрчилгээнд бүртгэлийн байгууллагаас олгосон дугаарыг тусгаж таньд өгнө. Та өөрөө бүртгэлийн байгууллагад ирэх шаардлагагүй болсон. /Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйл/

25. Би Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг хайгаад олохгүй байна. Гэрчилгээгээ дахин авахад хэд хонох вэ?

Та доорх бичиг баримтыг бүрдүүлэн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандана. Үүнд:

  • - Өргөдөл /орон сууцны хаяг болон дахин авах шалтгаанаа бичсэн байна/
  • - Гэрчилгээг хүчнгүйд тооцуулах тухай зарыг өдөр тутмын сонинд зарлуулан сонинг эх хувиар нь хавсаргана.
  • - Үйлчилгээний хураамж 20 000 төгрөгийг тушаасан баримт зэрэг болно.

/ЗГ-ын 2010 оны 237 тогтоол/ Дээрх баримтыг үндэслэн улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр гэрчилгээг хүчингүйд тооцож, ажлын 15 хоногийн дотор таны гэрчилгээг дахин олгоно. /Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйл/

26. Манай компани Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр 2015 онд 64 айлын орон сууцны барилгыг барьж дуусаагүй байхдаа 80%-ийн гүйцэтгэлтэйгээр өмчлөх эрхийн гэрчилгээг авч Хаан банкинд барьцаалсан. 2017 онд Хаан банкны барьцааны гэрээг дуусгавар болгож, орон сууцны барилгаа ашиглалтад оруулан захиалгын гэрээгээр салж бүртгүүлэхээр бүртгэлийн байгууллагад жагсаалтыг өгч бүртгүүлэн, өнөөдрийн байдлаар 3 айл гэрчилгээгээ аваагүй үлдсэн байгаа. Гэтэл манай компанийн өмчлөлд дээрх барилга бүртгэлтэй байгаа учраас татвар авна гээд Татварын хэлтсээс бичиг ирсэн. Компанийн өмчлөлд бүртгэгдсэн байгаа гэрчилгээгээ хүчингүй болгуулах гэсэн юм. Хаана хандах вэ?

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “захиалгаар барьсан орон сууцны жагсаалтаар тухайн орон сууцны эрх бүртгэгдэж дууссан бол эрхийн улсын бүртгэлийг хаана” гэж заасны дагуу эхлээд захиалга өгөөд бүртгүүлээгүй 3 иргэн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай. Дээрх 64 айлын орон сууцны өмчлөгч нар бүгд улсын бүртгэлд бүртгүүлж дууссаны дараа танай компани хүсэлтээ бичээд өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь хавсарган Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст хандана.

27. Миний нэр дээр газар өмчлөх шийдвэр гараад Газрын албанаас автал улсын бүртгэлийн байгууллагад очоорой гэсэн. Би хаана хандаж, ямар баримт бүрдүүлж өгөх вэ?

Та доорх баримт бичгийг бүрдүүлэн харьяа дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандана. Үүнд:

  • - Мэдүүлэг /дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хүлээн авах цонхнооос авна/
  • - Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр ийн эх хувь,
  • - Газрын кадастрын зураг /эх хувь/,
  • - Газрын төлөв байдал, хянан баталгааны дүгнэлтийн хуулбар зэргийг бүрдүүлж өгнө.

Үнэ төлбөргүй бөгөөд ажлын 5 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэж мэдэгдэнэ. /Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйл/

28. Би Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах орон сууцаа худалдах гэж байгаа юм. Ямар материал бүрдүүлэх вэ, хэдэн төгрөг тушаах вэ? Хаана хандах вэ?

Та доорх баримт бичгийг бүрдүүлж, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст эсхүл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болох Мишээл төв, Дүнжингарав төв, Оргил төв, Драгон төвд хандаж болно. Үүнд:

  • - Мэдүүлэг /бүртгэлийн байгууллагын хүлээн авах цонхноос авна/
  • - Худалдах, худалдан авах гэрээ эх хувь /тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа дүүргийн тойргийн нотариатчаар гэрчлүүлсэн байна./
  • - Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  • - Үйлчилгээний хураамж энгийн бол 20 000 төгрөг /ажлын 3 хоногт/, яаралтай бол 40 000 төгрөг /ажлын 8 цагт/ тушаасан баримт/ /ЗГ-ын 2010 оны 237 тогтоол/
  • - Үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт /Худалдах, худалдан авах гэрээнд тусгагдсан үнийн дүнгээс тооцно./ зэрэг болно. /Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл/

29. Би өөрийнхөө нэр дээр эд хөрөнгө байгаа эсэх лавлагааг авах гэсэн юм. Хэд хоноод гарах вэ? Хаана хандах вэ?

Та цахим үнэмлэх болон хурууны хээгээ ашиглан Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаас 1000 төгрөгөөр шууд авах боломжтой. Хэрвээ иргэний цахим үнэмлэх гэмтэлтэй ч юм уу, хурууны хээ уншигдахгүй алдаа гарч байвал, мөн хуулийн этгээд болон итгэмжлэлээр лавлагаа авах гэж байгаа бол өөрт ойрхон байгаа Улсын бүртгэлийн хэлтэст болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болох Мишээл төв, Дүнжингарав төв, Оргил төв, Драгон төвд доорх баримт бичгийг бүрдүүлэн хандаж болно.Үүнд:

  • - Мэдүүлэг /бүртгэлийн байгууллагын хүлээн авах цонхноос авна/
  • - Үйлчилгээний хураамж энгийн бол 5 000 төгрөг /ажлын 5 хоногт/, яаралтай бол 10 000 төгрөг /ажлын 8 цагт/ тушаасан баримтын хамт өгнө. /ЗГ-ын 2010 оны 237 тогтоол/

30. Би Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг. 700 м.кв газар өмчилдөг. Энэ газраасаа дүүдээ талыг нь бэлэглэх гэсэн юм. Ямар баримт бичиг бүрдүүлж хаана хандах вэ?

Та эхлээд Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч дээр дүүтэйгээ хамт очиж 700 м.кв талбайтай газрын 350 м.кв талбайг нь бэлэглэх гэрээг байгуулна. Байгуулсан бэлэглэлийн гэрээний нэг хувийг Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд өгч газрын кадастрын зургийг 2 хуваалгаж тус тусд кадастрын зургийг гаргаж авна. Үүний дараа дүүтэйгээ хамт доорх бичиг баримтыг бүрдүүлэн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж тус тусдаа мэдүүлэг гаргана. Үүнд:

  • - Мэдүүлэг / бүртгэлийн байгууллагын хүлээн авах цонхноос авна./.
  • - Бэлэглэлийн гэрээ
  • - Газрын кадастрын зураг
  • - Газар өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/
  • - Үйлчилгээний хураамж тушаасан баримт: Таны хувьд 700 м.кв талбай нь 350 м.кв болж өөрчлөгдөж байгаа учраас 8000 төгрөг, таны дүүгийн хувьд үлдсэн 350м.кв талбайтай газрыг бэлэглэлийн гэрээгээр авч байгаа учраас 20000 төгрөг тушаана. /ЗГ-ын 2010 оны 237 тогтоол/

31. Манайх 700 м.кв хэмжээтэй газар гэр бүлийн хэрэгцээндээ өмчилж авсан бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан. Одоо газрынхаа 150 м.кв газрыг дүүдээ худалдахаар тохиролцсон. Үүнийгээ яаж улсын бүртгэлд бүртгүүлэх вэ?

Та харъяа дүүргийнхээ газрын албанд хандан газрын байршлын кадастрын зургаа өөрийн болон худалдан авагчийнхаа нэр дээр талбайн хэмжээг өөрчлүүлэн авна. Уг кадастрын зургаа үндэслэн Худалдах- худалдах авах гэрээг байгуулан нотариатаар гэрчлүүлэх бөгөөд гэрээнд худалдаж байгаа болон өөртөө үлдэж байгаа газрын хэмжээг тодорхой тусгана.

Улсын бүртгэлийн байгууллагад худалдаж байгаа болон худалдан авч байгаа иргэд тус тусдаа мэдүүлэг гаргаж, нотлох баримтуудаа мэдүүлэг тус бүрд нь хавсаргаж өгнө. Газраа худалдаж байгаа иргэн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь өгнө.

32. Манай ах эгч 2 Солонгост ажиллаж амьдардаг. Ах, эгч 2-ын нэр дээр байдаг Баянгол дүүргийн орон сууцыг би өөрийнхөө нэр дээр шилжүүлэхийн тулд яах ёстой вэ? Ах эгч 2 Солонгост гэрээ хийгээд элчин сайдын яамаар дамжуулан ирүүлвэл бүртгэж өгөх үү?

Баянгол дүүргийн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг зөвхөн Баянгол дүүргийн тойргийн нотариатчаар гэрчлүүлэх ёстой. /Нотариатын тухай хуулийн 7.3/ Дээрх тохиолдолд ах эгч 2 нь Монголд байгаа хүнд итгэмжлэх эрх өгөөд, уг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тантай хамт Баянгол дүүргийн тойргийн нотариатч дээр очиж гэрээ байгуулан гэрчлүүлнэ. Үүний дараа бүртгэлийн байгууллагад хандана.

33. Манай хүүхэд байрны гэрчилгээн дээр зураг зураад, зарим үг үсэг нь харагдахгүй болгочихжээ. Би гэрчилгээгээ шинээр солиулж болох уу?

Болно. Энэ тохиолдолд таны гаргасан хүсэлтийг үндэслээд улсын бүртгэгч ажлын 10 өдрийн дотор гэрчилгээг дахин олгоно. /Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйл/

34. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар заавал гэрчлүүлэх шаардлагатай юу?

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.4-д “Хуульд өөрөөр заагаагүй бол талуудын аль нэг нь хүсвэл үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж болно.” гэж заасан байдаг тул гэрээнд оролцогч талуудын аль нэг нь хүсээгүй, гэрээнд нотариатаар гэрчлүүлэхээр тусгаагүй бол заавал гэрчлүүлэх шаардлагагүй.

35. Би өөрийн өмчлөлийн газар дээрээ 3*4 хэмжээтэй байшинтай ба өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байсан. Одоо байшингаа нурааж буулгаад суурин дээр нь 10*6 хэмжээтэй 2 давхар байшин барьсан юм. Шинэ байшингаа бүртгүүлж гэрчилгээ авч болох уу?

Та нурааж буулгасан байшингийнхаа эрхийн улсын бүртгэлийг хаалгаж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ хүчингүй болгуулсаны дараа шинэ байшингаа бүртгүүлэх боломжтой. Нурааж буулгасан байшингийн бүртгэлийг хаалгахдаа харъяа аймаг, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж мэдүүлэг гаргах бөгөөд мэдүүлэгт нотариатаар гэрчлүүлсэн өргөдөл, улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар, нурааж буулгасныг нотлох баримтыг хавсарган өгнө.

36. Эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд заавал бүртгүүлэх шаардлагатай юу?

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу иргэн, хуулийн этгээд хуульд заасан бүртгэл, мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй.

37. ТҮЦ машинаас эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ямар үйлчилгээг авах боломжтой вэ?

“Төрийн үйлчилгээний цахим” машинаас эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагааг авч болно. Гэхдээ нийслэлийн 9 дүүрэг болон эд хөрөнгийн архивын нотлох баримтын цахимжуулалт хийгдсэн Баянхонгор, Дархан, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Ховд, Хэнтий аймгийн хүрээнд иргэн өөрөө ТҮЦ-ээс лавлагаа авах боломжтой, харин бусад 11 аймгийн тухайд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагааг ТҮЦ-ээс авах боломжгүй.

38. Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр ямар үйлчилгээг үзүүлдэг вэ?

Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт байрлах эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ буюу бэлэглэх, худалдах, худалдан авах, арилжааны гэрээнүүд, бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах бүртгэл, мөн барьцааны болон түрээсийн гэрээ, лавлагаа авах үйлчилгээ хийгдэж байна. Харин газар болон газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн анхны бүртгэл, шүүхийн болон албадан дуудлага худалдаагаар өмчлөх эрх шилжих, гээгдүүлсэн гэрчилгээ шинээр авах, эрхийн улсын бүртгэлийг хаах зэрэг үйлчилгээнүүд тус тус хийгддэггүй болно.

39. Зээл авч, үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалахад лавлагаа шаарддаг. 100 айлд орших Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас лавлагаа авч болох уу?

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагааг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн улсын бүртгэлийн хэлтсээс, мөн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил төв /6 буудлын ойролцоо/-д байрлах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөс авч болно. Түүнчлэн өмчлөгч өөрөө төрийн үйлчилгээний цахим машинаас авах боломжтой. Харин 100 айлд орших Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь иргэн, хуулийн этгээдэд лавлагаа олгодоггүй болно.

40. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлагатай юу?

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.4-д “Хуульд өөрөөр заагаагүй бол талуудын аль нэг нь хүсвэл үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж болно.” гэж заасан тул заавал гэрчлүүлэх шаардлагагүй, харин талуудын аль нэг нь хүссэн тохиолдолд нотариатаар гэрчлүүлнэ.

41. Орон сууцаа бэлэн мөнгөөр худалдаж авсан, үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсаны татвар өндөр байдаг тул бэлэглэлийн гэрээ байгуулмаар байна? Бэлэглэлийн гэрээ, худалдах худалдан авах гэрээний ялгааг тодруулж өгнө үү?

Тухайн орон сууцыг худалдан авсан бол худалдах, худалдан авах гэрээ байгуулах нь зүйтэй бөгөөд эрхийн улсын бүртгэл нь үнэн зөв байх зарчимтай.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу худалдах худалдан авах гэрээгээр тохирсон үнийг төлдөг.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ.” гэж зааснаар бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүй хийгддэг гэрээ юм.

42. Эд хөрөнгийн хаяг, хэмжээ өөрчлөгдөх, өв залгамжлах эрх болон хамтран өмчлөгч хасагдах, нэмэгдэх эрхүүдийг нэг мэдүүлгээр бүртгүүлж болох уу?

Хуульд заасан эд хөрөнгийн эрхүүдийг бүртгүүлэхтэй зэрэгцэн эд хөрөнгийн хаяг, хэмжээ өөрчлөгдөх, өв залгамжлах эрх болон хамтран өмчлөгч хасагдах, нэмэгдэх зэрэг нэгэн зэрэг үүсч болох эрхүүдийг нэг мэдүүлгээр бүртгүүлж болно.

43. Шүүх арбитрын шийдвэрээр өмчлөх эрх шилжиж байгаа болон албадан дуудлага худалдаагаар худалдагдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй бол хэрхэн шийдвэрлэх вэ?

Энэ тухай мэдүүлэг гаргагчийн өргөдөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт зэрэг нотлох баримтыг үндэслэн Улсын ерөнхий бүртгэгчийн тушаалаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцдог.

44. Гадаадын иргэн Монгол улсад газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч, өмчилж болох уу?

Газрыг зөвхөн Монгол улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлдэг тул гадаадын иргэн монгол улсад газар өмчлөх боломжгүй, харин Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байж болно.

45. ТҮЦ машинаас лавлагаа авахад тухайн эд хөрөнгө өмчлөгчийн талаархи мэдээлэл алдаатай, зөрүүтэй гарсан тохиолдолд яах вэ?

Тухайн эд хөрөнгийн оршин байгаа аймаг, дүүргийн бүртгэлийн хэлтэст нэн даруй мэдэгдэж хүсэлт гаргах бөгөөд уг хүсэлтийн дагуу эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд засвар өөрчлөлт оруулсаны дараа ТҮЦ машинаас дахин лавлагаа авах боломжтой.

46. Хаан банкнаас 2016 онд орон сууцаа барьцаалан зээл авсан бөгөөд уг зээлээ төлж дуусаагүй байгаа. Одоо дахин өөр банк, эсвэл банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах хүсэлтэй байна. Энэ тохиолдолд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Хаан банкнаас гэрээний үүрэг дуусгавар болоогүй ч тухайн эд хөрөнгийг давхар барьцаалахыг зөвшөөрсөн эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, барьцаалагчтай байгуулсан гэрээ, мэдүүлэг, үйлчилгээний хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлэн, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой.

47. Зуучлалын гэрээ гэж юу вэ?

Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хөлс, шагналын хэмжээг харилцан тохиролцоогүй бол тогтсон нийтлэг жишиг хэмжээгээр тохиролцсон гэж үзнэ.

Хугацааг харилцан тохиролцоогүй бол зуучлалын гэрээг хэдийд ч дуусгавар болгож болно.

48. Зуучлалын онцгой эрх гэж юу вэ?

Зуучлах онцгой эрхийн гэрээгээр зуучлуулагч нь тодорхой хугацааны турш өөр зуучлагчийн үйлчилгээнээс татгалзах, зуучлагч энэ хугацаанд гэрээ байгуулахад туслалцаа үзүүлэх үүргийг тус тус хүлээнэ.

Зуучлуулагч энэ хуулийн 411.1-д заасан хугацаанд өөр зуучлагчаар үйлчлүүлэх гэрээ байгуулсан бол зуучлагч өөрт учирсан хохирлыг нотлогдсон хэмжээгээр нөхөн төлүүлэх эрхтэй. Худалдах-худалдан авах гэрээ байгуулахад зуучлах байсан бол нөхөн төлүүлэх хохирлын хэмжээ гэрээний үнийн хоёр хувиас хэтрэхгүй.

Зуучлуулагч нь зуучлагчийн тусламжгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд зуучлагчид хөлс, шагнал олгохоор тохиролцож болно. Худалдах-худалдан авах гэрээ байгуулахад зуучлах бол хөлс, шагналын хэмжээ гэрээний үнийн таван хувиас хэтрэхгүй.

Зуучлах онцгой эрхийн гэрээг бичгээр хийнэ.

Зуучлах онцгой эрхийн гэрээг зөвхөн онцгой нөхцөл байдал бий болсон үед цуцалж болно.

Гэрээнд өөрөөр заагаагүй бол зуучлах даалгаврыг өгснөөс хойш зургаан сар өнгөрвөл түүнийг хугацаа харгалзахгүйгээр цуцалж болно.

49. Орон сууц захиалан бариулахаар гэрээ хийх гэж байгаа бол юунд анхаарах вэ?

Тухайн барилгын газар олголтын захирамж, гэрээ, гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх, техникийн нөхцлийг холбогдох байгууллагуудаас бүрэн авсан байдлыг нэгбүрчлэн нарийвчлан үзэх, эдгээр бичиг баримтын аль нэг нь дутуу байвал шалтгааныг сайн тодруулах;

Барилгын зураг төслийг батлагдсан зургийн даалгаврын дагуу боловсруулсан байдал, хуулийн дагуу зураг төсөлд бүрэн магадлал хийгдсэн эсэхийг үзэж, гаргасан дүгнэлтүүдтэй нь танилцах;

Барилга угсралтын ажлаа эхлэхдээ холбогдох төрийн байгууллагаас зөвшөөрөл авсан эсэх;

Захиалагч, гүйцэтгэгчийн эдийн засгийн чадамж, дадлага, туршлага зэргийг нарийвчлан судалж мэдсэн байх; Тухайлбал урд нь барьж ашиглалтад оруулсан орон сууцны барилгын одоогийн чанар байдал, оршин суугчдын санаа бодлыг судалж мэдэх;

Гүйцэтгэгч, захиалагч байгууллагын өр, авлагын тухай ерөнхий мэдээллийг харъяа татварын албанаас лавлах; Энэ тухай лавлаж мэдэхийг санхүүгийн чадвартай аж ахуйн нэгж, байгууллагууд санал болгодог.

Барилга угсралтын ажлын чанар байдлын талаар зураг төслийн зохиогч болон мэргэжлийн хяналтын байгууллагаас албан ёсоор өгсөн дүгнэлт, албан шаардлага, санал, зөвлөмж гарсан эсэхийг тодруулах, байгаа бол түүнтэй нарийвлан танилцах;

Барилгын ажлын явц, чанар байдлын талаар тодорхой мэдээллийг зураг төслийн болон мэргэжлийн хяналтын байгууллагаас лавлаж тодруулах, зөвөлгөө авах;

Мөн өөрийн ах дүүгийн болон найз нөхдийн хүрээн дэх барилгын мэргэжилтэй хүнийг газар дээр нь ирүүлж, үзүүлж харуулан мэргэжлийн зөвөлгөө, тусламж авах;

Захиалагч, хөрөнгө оруулагч нь тухайн барилгын газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олгогдоогүй, зураг төсөл нь боловсруулагдаж дуусаагүй орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхийг хуулиар хориглосон байдгийг онцгой анхаарах;

Захиалагч, хөрөнгө оруулагч нар дуусаагүй барилгадаа хөрөнгийн үнэлгээ хийлгэж, түүнийгээ барьцаалан банкнаас зээл авсан байдаг тул энэ талын мэдээллийг банкуудаас лавлаж мэдэх;

Орон сууц захиалж гэрээ байгуулахдаа албан ёсны захиалагч хэн болохыг нарийвчлан тогтоож, зөвхөн түүнтэй гэрээ байгуулах;

Гэрээ байгуулахдаа захиалагчийн санал болгож буй гэрээний төслийн заалт бүрийг нарийвчлан судалж, гэрээлэгч талуудын эрх, үүрэг адил тэнцүү хадгалагдаж байгаа эсэх, хүлээх хариуцлага аль хир тодорхой тусгагдсан зэргийг хуулийн мэргэжилтнээс зөвөлгөө авч, гэрээнд нэмэлт оруулах шаардлагатай эсэхээ шийдэх;

Захиалагчийн санал болгож байгаа гэрээний төслийг сайн судлахгүйгээр шууд гарын үсэг зурж баталгаажуулах нь танд эцэст нь эрсдэл авчрах өндөр магадлалтай гэдгийг онцгой анхаарах; Ийм тохиолдол амьдрал дээр маш их гарч байна.

Гэрээнд заасан орон сууцны талбай бодит байдал дээрээ зөрүүтэй байгаа талаар сүүлийн үед маргаан их гарч байна. Иймд тухайн барилгыг барьж байх явцад буюу дотор ханын өрлөг өрөгдөх болон хана цутгасан үед зураг төсөл зохиогч, захиалагч, гүйцэтгэгчийг байлцуулан хэмжилт хийж, гэрээнд заасан талбайн хэмжээг баталгаажуулж авах;

“Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандарт 2010 оноос эхлэн мөрдөгдөж байгаа тул гэрээнд заасан талбайн хэмжээг уг стандарт дагуу тооцсон эсэхийг нарийвчлан шалгах;

Та баригдаж байгаа барилгаас орон сууц худалдан авахаар захиалагчтай гэрээ байгуулсан бол барилгын ажлын явц, чанар байдалд хяналт тавих үүрэгтэй, бас эрхтэй. Шаардлагатай гэж үзвэл энэ эрх, үүргээ зураг төсөл зохиогч болон мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

Барилгад хэрэглэж байгаа материал, хийц, бүтээцийн чанар зураг төсөл болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогчийн зүгээс гаргасан баталгаа, дүгнэлт, лабораторийн шинжилгээний дүнг шаардаж үзэх;

Барилгыг ашиглалтад өгөхийн өмнө тухайн барилгын талаар өөрийн санал, дүгнэлт, анхаарах асуудлын талаар барилга хүлээж авахад оролцдог холбогдох байгууллагуудад хүргүүлж арга хэмжээ авахуулах;

Орон сууц захиалсан бусад иргэдтэй нийлж төлөөний хүмүүсээ сонгон улсын комиссын бүрэлдэхүүнд оролцуулж болох эрх зүйн үндэс байгааг анхаарах,

Улсын комисс хүлээж аваагүй буюу комисс ажилласан ч акт баталгаажаагүй байхад захиалагчийн шахалт, хүсэлтээр орон сууцандаа орохгүй байх шаардлагатай. Мөн төлбөр тоцоогоо ч дээрх асуудал эцэслэн шийдэгдсэний дараа дуусгах талаар онцгой анхаарах;

50. Баригдаж дууссан барилгаас орон сууц худалдаж авах гэж байгаа бол юунд анхаарах вэ?

Баригдаж дууссан барилгаас орон сууц худалдаж авах тохиолдолд эхний ээлжинд барилгыг хүлээж авсан тухай улсын комиссын актыг эх хувиар нь үзэх, тухайн орон сууцны барилгад өмнө нь орсон оршин суугчдын санал зөвлөмжийг авах;

Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гараагүй орон сууцыг иргэд хоорондоо худалдах, худалдан авах ажиллагаа нилээд явагдаж байгаагаас эцэст худалдан авсан тал хохирох асуудал гарсаар байна. Ийм үйлдэл хийхгүй байх нь зүйтэй. Учир нь өмнө нь бас нэг иргэнд худалдсан байх магадлал их байдаг.

Худалдан авч байгаа орон сууцны талбайг “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын дагуу нарийвчлан хэмжиж хоёр тал баталгаажуулсан байвал зохино.

2010 оноос өмнө ашиглалтанд орсон хуучин орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр бичигдсэн талбай “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын дагуу бодож гаргасан талбайгаас ямагт их байдаг тул төлбөрийг гэрчилгээн дээрх талбайгаар бодож хийхгүй байх.

Аюулгүй байдлаа бодолцож үзэх нь зүйтэй. Хэдийгээр байрны өнгө үзэмж таалагдаж байсан ч аюулгүй байдлыг тань хангаж чадахгүй бол яарах хэрэггүй. Аюулгүй байдал гэдэгт орчин тойрны тохижилт, албан байгууллага, хөршүүд зэрэг болно. Баар цэнгээний газрууд олонтой газар амьдрах нь аюултай биш гэж үү.

Орон сууцандаа амьдарч байхдаа ямар ашиглалт, үйлчилгээ авч байхаа урьдаас мэдэж авах хэрэгтэй. Хариуцах эзэнгүй байр аваад дараа нь хэцүү байдалд орсон тохиолдол урьд өмнө их гарч байсан.

Гэрээ байгуулаад хоёр тал баталгаажуулсан тохиолдолд Иргэний хуулийн дагуу та хуулийн этгээд болно. Нэгэнт гэрээ байгуулсан тохиолдолд гарсан маргаан эцэстээ ихэвчлэн хууль, шүүхийн шатанд шийдэгдэхээр асуудал хүндэрч маш их цаг хугацаа зарж, сэтгэл санаагаар хохирох явдал гарч байгааг анхаарах шаардлагатай.