Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, хуультай холбоотой асуулт, хариултууд


1. 2022 оны улсын хэмжээнд өмчлүүлэх газрын мэдээллийг хаанаас харах вэ?

Монгол улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Монгол улсын Иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталлаа. Улсын хэмжээнд 2022 онд нийт 32392 иргэнд 3967.8 га газрыг өмчлүүлэх бөгөөд үүнээс 32358 иргэнд 3937.3 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй, 34 иргэнд 30.50 га газрыг аж ахуйн зориулалтаар үнээр нь тус тус өмчлүүлнэ. Үүнээс нийслэлийн хэмжээнд нийт 5538 иргэнд эзэмшиж буй 315.17 га газрыг өмчлүүлнэ.

2. Газартай холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой юу?

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Иргэн, хуулийн этгээдэд зориулсан газрын удирдлагын цахим систем” буюу гар утасны Egazar аппликэйшн хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 43 нэр төрлийн төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Дээрх системийг хэрэглээнд нэвтрүүлснээр 27 нэр төрлийн төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломж бүрджээ.

Үүнд:

  • - Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах
  • - Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх
  • - Эзэмшил газраа хэсэгчлэн шилжүүлэх
  • - Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний зориулалт өөрчлөх
  • - Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ өөрчлөх
  • - Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаанд бүртгэх
  • - Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлөх
  • - Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ нөхөн авах
  • - Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ нөхөн авах
  • - Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болгох
  • - Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний Э дугаар буюу Улсын бүртгэлийн дугаар авах
  • - Газар эзэмших эрхийн барьцаанд бүртгэлгүй лавлагаа олгох
  • - Газрын кадастрын мэдээллийн санд барилга, хаяг бүртгүүлэх
  • - Газрын зөрчлийн мэдээлэл илгээх, хүлээн авах
  • - Эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлт гаргах
  • - Газрын төлбөр төлөх
  • - Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөх
  • - Газрын хянан баталгааны мэдэгдэл авах
  • - Газрын хянан баталгааны дүгнэлт гаргах
  • - Нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй тухай тодорхойлолт гаргаж өгөх
  • - Газрын төлбөрийн нэхэмжлэлийн дугаар авах
  • - Газар эзэмшигч, ашиглагчийн оноосон нэр өөрчлөх
  • - Газрын гэрчилгээний төлбөр төлөх
  • - Газрын байршлын кадастрын зургийн төлбөр төлөх
  • - Газар эзэмших, ашиглах эрхийн цахим дуудлага худалдаанд оролцох
  • - Өөрийн газрын дэлгэрэнгүй мэдээлэл авах
  • - Шинээр газар эзэмших эрх авах хүсэлт гаргах, санал илгээх зэрэг үйлчилгээг e-gazar гар утасны аппликэйшнээс авч байна.

3. Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн ялгаа нь юу вэ?

Газар нь хүний амьдралын анхдагч орчин болохын хувьд түүн дээр оршин амьдарч, үр шимийг нь хүртэж байхын тулд газрын харилцааг эрх зүйгээр зохицуулах зайлшгүй шаардлага бий болдог.

Газрын эрх зүйд газар өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн ойлголтууд байх бөгөөд иргэдийн дунд эдгээр ойлголтыг хольж солих тохиолдол их байдаг. Эдгээр ойлголтууд нь хоорондоо ялгаатай, эрх зүйн зохицуулалт нь өөр өөр юм. Үүнээс газар өмчлөх асуудал нь газрын талаарх хамгийн өргөн эрх мэдлийг илэрхийлсэн ойлголт болно. Өөрөөр хэлбэл, энэ нь газар эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэсэн гурван хэсгээс бүрддэг өргөн ойлголт юм.

Иймд газар өмчлөх, эзэмших, ашиглах гэж юуг ойлгох вэ?

Газар өмчлөх гэдэг нь газрыг захиран зарцуулах эрхтэйгээр өөрийн мэдэлд байлгаж, ашигтай шинж чанарыг гаргаж хэрэглэхийг хэлнэ. Захиран зарцуулах эрх гэдэг нь түүнийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх, арилжих, барьцаалах зэргийг ойлгоно. Газар өмчлөх эрх нь субьектын хувьд зөвхөн Монгол Улсын иргэн, төрд хамааралтай юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт иргэд газраа захиран зарцуулах эрхээ харьяалгүй хүн, гадаадын иргэнд шилжүүлэхийг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл гадаадын иргэн, харьяалалгүй этгээд болон аливаа хуулийн этгээд нь Монгол улсад газар өмчлөх боломжгүй юм.

Газар эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ. Газар эзэмших эрх нь газар ашиглах эрхийг өөртөө давхар агуулж байдаг ойлголт юм. Энэ нь субьектын хувьд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хамаатай.

Газар ашиглах гэдэг нь хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ.

Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дах хэсэгт “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасны дагуу газар ашиглах эрх бүхий субьект нь Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй этгээд, Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар байна.

4. Хэрхэн газрын өмчлөгч болох вэ?

Та газрын албанаас “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” гаргуулан авсанаас эхлэн тухайн газрын өмчлөгч болох юм. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт зааснаар газар нь үл хөдлөх хөрөнгөд хамаарах бөгөөд өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй юм.

Өмчлөгч нь эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх явцад бусад этгээдээс саад болох буюу өмчийн маргаан үүсгэх асуудал түгээмэл байдаг бөгөөд энэ нь эрхийн зөрчил болж өмчлөгч нь эрхээ хэрэгжүүлж чадахгүй байдалд хүрдэг юм. Тиймээс дараах анхаарах мэдээллийг хүргэж байна.

5. Өмчлөх газраа хэрхэн сонгох вэ?

Өмчлөх газраа сонгохдоо тухайн өмчлөх газар нь тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргааны байгууллагаас баталсан жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байршилд байгаа эсэх, бусдын хууль ёсоор өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй эсэх, тусгай хэрэгцээний бэлчээр, нийтийн эдэлбэр газарт хамаарагдахгүй байх, өндөр хүчдэл, үер усны аюулд өртөхгүй байх болзлыг хангасан эсэхийг тодруулж байх.

6. Өмчлөх эрхээ хэрхэн сэргээлгэх вэ?

Өөрийн газраа эзэмших ашиглахад хөндлөнгийн хэн нэг этгээд саад болж байгаа тохиолдолд эрхээ сэргээлгэхэд танд хамгийн чухал зүйл бол газар эзэмших гэрээ, эрхийн гэрчилгээ, кадастрын зураг зэрэг юм. Хэрэв таны газрыг эзэмших эрхийн гэрчилгээтэй адил гэрчилгээ өөр хэн нэгэнд байгаа бол уг маргааныг шийдэх гол баримт бол харъяа дүүргийн Газрын албанд гаргасан газар эзэмших хүсэлт юм. Уг хүсэлтийг хүлээн авсан албан тушаалтан хүсэлт авсан тухай бичилт, баримт өгөх ёстой бөгөөд үүнийг хадгалж байх нь газрын маргаан үүсэхэд маш чухал хэрэг болдог гэдгийг анхаарах ёстой.

7. Газар дээрээ нийтийн зориулалттай орон сууц барих боломжтой юу?

Иргэд өөрийн өмчлөлийн газар дээр нийтийн зориулалттай орон сууц барьж худалдах харилцаа өдөр ирэх тутам өсөн нэмэгдэж байна. Тиймээс иргэдийн өмчлөлийн газар дээр нийтийн зориулалттай орон сууц, барилга байгууламж баригдсан тохиолдолд газар өмчлөх эрх дуусгавар болж, Сууц өмчлөгдийн холбоонд шилждэг бөгөөд СӨХ газар өмчлөлийг шилжүүлж аваагүйгээс орон сууц өмчлөгчид, газар өмчлөгчийн хооронд маргаан үүсдэг юм.

8. Газар эзэмших эрхийг шилжүүлж болох уу?

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр шилжүүлж...болно” гэж заасан. Иргэний хууль тогтоомжийг үндэслэн нэг этгээдийн эзэмшил хууль зүйн хувьд дуусгавар болж нөгөө этгээдийн хувьд эзэмшил үүсэж хөрөнгө шилжих бол “Худалдах-худалдан авах гэрээ”, “Арилжааны гэрээ”, “Бэлэглэлийн гэрээ” энэ гуравын аль нэгийг байгуулах шаардлагатай юм. Газрын харилцааны хувьд тогтсон практик нь үнэ төлбөргүй газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ буюу бэлэглэлийн гэрээгээр ихэвчлэн шилжүүлж байгаа нь буруу юм.

9. Газар эзэмшлийн гэрчилгээг шилжүүлэхэд төлөх татвар

Газар эзэмших, ашиглах эрхээ шилжүүлсэн бол иргэн 10 хувь, аж ахуй нэгж 30 хувийн татварыг шилжүүлсэн өдрөөс 7 хоногт төлөх үүрэгтэй бөгөөд энэ нь гэр бүлийн гишүүддээ шилжүүлж байгаа тохиолдолд хамаарах юм.

10. Иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ ямар байх вэ?

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Монгол Улсын иргэнд нэг удаа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэх газар нь байршлаасаа хамааран дор дурдсан хэмжээтэй байна: Гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэх газрын байршил хэмжээ /га/ м2-аар илэрхийлбэл:

  • - Нийслэлд 0.07 хүртэл га 20х35 м2
  • - Аймгийн төвд 0.35 хүртэл га 35х100 м2
  • - Сумын төв, тосгонд 0.5 хүртэл га 50х100 м2 байх бөгөөд тухайн орон нутгийн хүн амын нягтрал, өмчлүүлэх газрын нөөц зэргийг харгалзан гэр бүлийн хэрэгцээнд үнэгүй өмчлүүлэх газрын дээд хэмжээг хуульд заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тухай шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоож болно.

11. Ах дүү хамаатан саднаараа шинээр өмчлүүлэх газарт нэг дор газар өмчлөн авч болох уу?

Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хууль, эрх зүйн актуудаар хориглосон хэм хэмжээ байхгүй тул боломжтой юм. Харин ийнхүү шинээр өмчлөх газраа сонгоход өмчлүүлэх газрын нөөцөөс ихээхэн хамааралтай.

12. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлүүлэхдээ өөр аймаг, суманд газар өмчлөн авсан эсэхийг хэрхэн хянадаг вэ?

Газрын өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбоотой цахим мэдээллийн санд агуулагдсан мэдээллийн тусламжтайгаар хэн, хаана, хэдий хэмжээний газар өмчлөн авсан болохыг аль ч аймаг, нийслэл, дүүргийн газрын алба иргэний регистрийн дугаарыг үндэслэн хянах боломжтой учир олон удаа газар үнэгүй өмчлөн авах боломжгүй юм.

13. Гэр бүлийн хамтын хэрэгцээнд үнэгүй эзэмшүүлэх хүнсний ногоо тарих 0,1 хүртэлх га газар хашааны газартай зэргэлдээ байж болох уу? Энэ газрыг иргэн өмчлөн авч болох уу?

Газрын тухай хуулийн 29.5-д заасны дагуу тухайн сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тохиолдолд хашааны газартайгаа зэргэлдээ байж болох боловч газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд өмчлүүлж болохоор тусгагдсан тохиолдолд иргэн зохих үнээр нь өмчлөн авах боломжтой юм.

14. Аж ахуй нэгж байгууллагад үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх газрын дээд хэмжээг хэрхэн тогтоосон бэ? Тогтоосон хэмжээнээс илүү бол хэрхэх вэ?

Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор дээрх хэмжээг дараах байдлаар тогтоосон. Үүнд: аж ахуй нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын дээд хэмжээ аймаг, Улаанбаатар бүс

  1. Үр тариа, тэжээлийн ургамал тариалах 3000 хүртэл 200 хүртэл
  2. Төмс, хүнсний ногоо бусад ургамал тариалах 50 хүртэл 5 хүртэл
  3. Байгалийн хадлан бэлтгэлийг дагнан эрхлэх 1500 хүртэл 100 хүртэл
  4. Дотоодын хэрэгцээндээ зориулан хадлан бэлтгэх 400 хүртэл 50 хүртэл
  5. Хот, тосгон бусад суурины газрын хилийн заагийн доторхи уурхайн эдэлбэр ашиглагчдад эзэмшүүлэх газрын хэмжээ 25.0 хүртэл.

Эдгээр хуулиар заасан хэмжээнээс илүү гарган эзэмшиж байгаа газрыг дахин хуваарилалтанд хамруулна.

15. Зуслангийн зориулалтаар газрыг хэрхэн өмчлөн авах вэ?

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан тохиолдолд зөвхөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх боломжтой юм. Нийслэлийн хувьд 2014 оноос эхэлж зуслангийн газар өмчлүүлэх үйл ажиллагааг зарим газруудад эхлүүлсэн.

16. Малчид өвөлжөө, хаваржааныхаа газраа эзэмшихийн зэрэгцээ аймаг, сумын төвд хашааны газар өмчлөн авч болох уу?

Малчин өрх нь хот айлаар өвөлжөө, хаваржааныхаа газрыг дундаа хамтран эзэмшихийн зэрэгцээ тухайн аймаг, сумын төвдөө гэр бүлийн хамтын хэрэгцээндээ хуульд заасан хэмжээний газраа нэг удаа үнэгүй өмчлөн авах эрхтэй.

17. Монгол Улсын нутаг дэвсгэрийн нийт хэдэн хувийг гэр бүлийн хэрэгцэээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэх вэ?

Үнэгүй өмчлүүлэх газрын хэмжээ нь Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн тун бага хувийг эзлэх болно. Тодруулбал, үнэ төлбөргүй өмчлүүлэх газрын үнэмлэхүй дээд хэмжээг 2002 оны эцсийн өрхийн тоо бүртгэлийг үндэслэн хийсвэрээр тооцвол: Газрын байршил 2002 оны эцсийн байдлаарх нийт өрхийн тоо /мянга/ Нэг өрхөд өмчлүүлэх газрын дээд хэмжээ хуульд зааснаар Үнэгүй өмчлүүлэх газрын дээд хэмжээ /хийсвэр тооцоо/ Нийслэлд 177.2 0.07 га 12.4 мянган га Аймгийн төвд 123.0 0.35 га 43.0 мянган га Сумдад 268.4 0.5 га 134.2 мянган га Бүгд 568.6 189.6 мянган га Иймд Монгол улсын 568.6 мянган өрхийн газар өмчлөх боломжит дээд хэмжээ /үүнд хүргэн өмчлөх ямар ч боломжгүй / болох 189.6 мянган га газар нь нутаг дэвсгэрийн 0.12 хувьд хүрэх бөгөөд үүн дээр газар тариалангийн болон аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газар нийлээд тоон утгаараа нийт нутаг дэвсгэрийн дөнгөж 0.9 хувийг л өмчлүүлэх болно. Энэ Монгол Улсын түүхэнд иргэддээ үнэ төлбөргүй оруулж буй хамгийн бодитой, томоохон хөрөнгө оруулалт юм.

18. Одоо эзэмшиж байгаа газар 0.07 га-аас илүү бол дахин хуваарилалтанд оруулах уу? Хэрхэн шийдвэрлэдэг вэ?

Газар эзэмших, ашиглах эрх үүссэн бөгөөд аливаа зөрчилгүй, тогтвортой суурьшсан гэр хороололд байгаа хашааны газрын хэмжээ нь хуульд заасан 0.07 га-гаас 25 хувиас хэтрээгүй бол одоо эзэмшигчид нь үнээр нь худалдаж өмчлүүлэх бөгөөд харин 25 хувиас дээш хувиар хэтэрсэн тохиолдолд хуульд заасан хэмжээний газрыг нь үнэгүй өмчлүүлнэ. Бусад хэсгийг дахин хуваарилалтад хамруулж өмчлүүлэх газрын нөөцөд авах бодлогыг Засгийн газраас барьж байгаа болно.

19. Газрын байршил, газар доорх инженерийн шугам сүлжээтэй холбогдсон мэдээллийг хаанаас авах вэ?

Тухайн газрыг харьяалах аймаг, нийслэлийн болон дүүргийн газрын албанаас үйлчилгээний зохих хураамж төлсний үндсэн дээр сонирхсон мэдээллээ зургаар болон бусад хэлбэрээр гаргуулан авч болно.

20. Улаанбаатар хотын гэр хороололд хашааны газар эзэмшиж байгаа иргэдийн газрын хэмжээ ихэвчлэн 0.03 га байдаг. Иймд зөрүү болох 0.04 га-аар өөр газраас өмчилж болох уу?

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7.2-т Нийслэлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын хэмжээ нь 0.07 га хүртэл байна гэж заасны зэрэгцээ хуулийн 5.1.4-т гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлнэ гэж заасан тул зөвхөн одоо эзэмшиж байгаа 0.03 га газрыг нэг л удаа өмчлүүлнэ. Харин хүсвэл эзэмшиж байсан 0.03 га газраа хүлээлгэн өгч, улмаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан, бусдын эзэмших эрх үүсээгүй газраас 0.07 га-даа хүргэн газар өмчлөн авч болно.

21. Эзэмшиж буй газраа хэрхэн өмчилж авах вэ?

Иргэн та өөрийн эзэмших эрхийн гэрчилгээтэй газраа өмчилж авахыг хүсвэл

  • - иргэний үнэмлэхний хуулбар,
  • - газрын эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь,
  • - газар эзэмших гэрээний эх хувь,
  • - кадастрын зураг,
  • - газрын төлбөр төлсөн баримт,
  • - газрын төлөв байдал,
  • - чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэрэг материалуудыг хавсаргана.

Харин та зөвхөн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хот байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газарт газар өмчилж авах боломжтойг анхаарна уу.

Аж ахуйн болон газар тариалангийн зориулалттаар эзэмших газрын хэмжээ

Дээрх зориулалтаар эзэмшүүлэх газрын хувьд газар эзэмших гэрээний дагуу эзэмшиж байгаа тохиолдолд тухайн эзэмшиж буй газрын хэмжээгээр харин дуудлага худалдаагаар худалдан авч байгаа тохиолдолд тухайн дуудлага худалдаагаар худалдаж буй газрын хэмжээгээр өмчилж болно.

22. Хамтран өмчлөгчөө хасуулах

Иргэн та 2003-2008 оны хооронд ам бүлээрээ дундаа газар өмчилж авсан бол өрхийн нэг гишүүнд өмчилсөн газраа шилжүүлж бусад гишүүнддээ газар үнэгүй өмчлөх эрхийг нь нээж өгөх боломжтой юм. Хүсэлт гаргах бол харьяа дүүргийн нотариатаар “Хамтран өмчлөгч хасуулах хэлцэл” хийж баталгаажуулж холбогдох материалыг бүрдүүлэн харьяа дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өгнө үү.

23. Газар өмчлөх шийдвэрийн шат дамжлага

Иргэн та амьдарч буй газрынхаа гэрчилгээ гаргуулах хүсэлтийг харьяа дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өгнө. Төрийн захиргааны байгууллага судалж хянаад, захирамжийн төслийг дүүргийн Засаг даргад өргөн барина.

Хуулийн шийдвэрлэх хугацаа 30 хоногт

Дүүргийн Засаг даргын Газар эзэмших гэрчилгээг үндэслэж нийслэлийн Засаг даргын захирамжаар Өмчлөх захирамж гаргуулна. /Хуулийн шийдвэрлэх хугацаа 90 хоногт/

Газар өмчлөгч иргэнд өгөх зөвөлгөө

Газар өмчлөгч иргэнд хориглох зүйл:

  • - Өмчийн газраа, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх
  • - Сум дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулах
  • - Хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах
  • - Газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашиглах

Газар өмчлөгч иргэний эрх дуусгавар болох

“Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 31.1-т заасны дагуу өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр, газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар, газар өмчлөгч иргэн Монгол улсын харъяатаас гарсанаар, хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр тус тус дуусгавар болно.

Өмчилсөн газрын давуу талууд:

  • - Өмчилсөн газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах
  • - Өмчилсөн газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах
  • - Өмчилсөн газрыг нийтийн эдэлбэр, тусгай хэрэгцээнд түр ашиглуулах, солих, эргүүлж авахад харилцан тохиролцсоны дагуу зохих нөхөх олговор авах
  • - Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжид заасан эрх эдэлнэ.

Бүрдүүлэх материалууд

Эзэмшиж байгаа газраа гэр бүлийн зориулалтар үнэгүй өмчлөхөд бүрдүүлэх материал

  • - Газар өмчлөхийг хүссэн өргөдлийн маягт бөглөнө
  • - Хорооны Засаг даргын тодорхойлолт /Хорооны хаяг дугаар давхардахгүй байх
  • - Иргэний үнэмлэхний хуулбар
  • - Газрын кадастрын зураг
  • - Газрын төлбөр төлсөн баримт
  • - Газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувь/
  • - Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэргийг бүрдүүлж харьяа дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өгнө.

Хамтран өмчлөгч хасуулж гэр бүлийн бусад гишүүдийн өмчлөх эрхийг нээлгэх

  • - Газрын өмчлөлийн шийдвэр эсвэл
  • - Газрын Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ
  • - Хамтран өмчлөгч хасуулах хэлцэл /Нотариатаар баталгаажуулсан/
  • - Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
  • - Иргэний үнэмлэхний хуулбар
  • - Кадастрын зураг зэргийг бүрдүүлж харьяа дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өгнө.

Өөрийн өмчлөлийн газрыг хэсэгчлэн бусдад шилжүүлэх бол

  • - Кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөлтэй компианаар хийлгэсэн кадастрын зураг /2 талын/
  • - Эрх шилжүүлэх нотариатын гэрээний хуулбар
  • - Иргэний үнэмлэхний хуулбар /2 талын/
  • - Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • - Хорооны тодорхойлолт /2 талын/
  • - Өргөдөл /2 талын/
  • - Хуучин кадастрын зураг зэргийг бүрдүүлж харьяа дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өгнө.

Иргэн та өмчилсөн газраа бусдад бүхэлд нь шилжүүлэх

  • - Хуучин кадастрын зураг
  • - Эрх шилжүүлсэн нотариатын гэрээний хуулбар
  • - Иргэний үнэмлэхний хуулбар /2 талын/
  • - Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг бүрдүүлж харьяа дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өгнө.

24. Улаанбаатар хотод газрын суурь үнэлгээ хэдэн төгрөг байдаг вэ?

Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын газрын суурь үнэлгээг тогтоохдоо газрын зах зээлийн үнийн мэдээнд шинжилгээ хийж, түүн дээрээ газрын үнэд нөлөөлөх гол хүчин зүйлүүд болох байршил, инженерийн хангамж, нийгэм, эдийн засгийн болон байгаль орчны нөхцөл харгалзан 17 ашиглалтын зориулалт, 16 бүсчлэлд хувааж ялгавартайгаар тогтоосон байдаг. Тухайлбал: Байршлаасаа хамааран гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1 м2 газрын суурь үнэлгээ 1800–81800 төгрөг бол худалдаа бүх төрлийн үйлчилгээний зориулалттай 1 м2 газрын суурь үнэлгээ 19200–128000 болох юм. Газрын суурь үнэлгээтэй холбоотой мэдээллийг www.egazar.goү.mn сайтаас авах боломжтой.

25. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өсөж бэлчээрийн даац хэтэрсэн гэж тодорхойлдог. Бэлчээрийн даац ямар байна вэ?

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь 2015 оноос эхлэн Швейцарийн хөгжлийн агентлаг Ногоон-Алт төсөлтэй хамтран “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” ажлыг эхлүүлээд 5 дахь жилдээ улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн 6 дүүрэг, 21 аймгийн 314 сумыг хамарсан 4’781 бэлчээрийн мониторингийн цэгийг байгуулан, жил бүрийн 8 дугаар сарын эхний 10 хоногт багтаан судалгаа хийж, үр дүнг аймаг, сумын холбогдох хурлуудаар хэлэлцүүлж газар зохион байгуулалтын төлөвлөлтөд тусган ажиллаж байна. Тухайлбал: Бэлчээрийг өнжөөх, сэлгэх, чөлөөлөх, хортон мэрэгчтэй тэмцэх, усжуулах, зэрэг ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээс гадна “Бэлчээр ашиглагчдын хэсэг”-ээр дамжуулан малчдад зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. 2019 оны байдлаар улсын хэмжээнд бэлчээрийн мониторингийн үр дүнгээр хонин толгойд шилжүүлснээр 77 сая мал 2019-2020 өвөлжиж, хаваржих боломжтой байна. 2018 оны жилийн эцcийн малын тоо 110 сая хонин толгой байгаа ба энэ нь боломжит даацаасаа 33 сая хонин толгойгоор хэтэрсэн байна.

26. Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн цахим системд хэрхэн хандаж мэдээлэл авах вэ?

27. Гэр бүлийн хэрэгцээнд зориулж ногоо тарихад газар олгох уу?

Гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно. Мөн багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно.

Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна. Иймд аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамалд хандана уу.

28. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгох газрын хэмжээ хэд байдаг вэ?

29. Эзэмшлийн газраа удаан хугацаагаар ашиглаагүй бол эзэмших эрх хүчингүй болох уу?

“Газрын тухай” хуулийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно.

30. Газар өмчлөх эрх ямар тохиолдолд дуусгавар болох вэ?

“Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 31.1-т заасны дагуу өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр, газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар, газар өмчлөгч иргэн Монгол улсын харъяатаас гарсанаар, хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр тус тус дуусгавар болно.

31. Иргэн ямар зориулалтаар газар өмчилж авах боломжтой вэ?

“Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 4.1-т заасны дагуу гэр бүлийн хэрэгцээний болон аж ахуйн зориулалтаар газар өмчлөн авах боломжтой.

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлөн авахдаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт хамаарч байгаа бол хүсэлт гарган өмчлөн авах, мөн Газрын тухай хуульд заасны дагуу эзэмшсэн газраа тэргүүн ээлжинд өмчлөн авах боломжтой.

Хэрэв та Газар тариалангийн зориулалтаар, газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар газар өмчлөн авахыг хүсвэл газрыг үнээр нь худалдан авах, давуу эрхээр үнээр нь авах, эсвэл дуудлага худалдаагаар газрыг өмчилж авах боломжтой.

32. Газрыг хэдэн жилийн хугацаатайгаар эзэмшүүлдэг вэ?

“Газрын тухай” хуулийн 30.1-т “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэж заасан байдаг.

33. Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай нэг удаа үнэ төлбөргүйгээр өмчлөх газраа яаж авах вэ?

Иргэн та гэр бүлийн хэрэгцээний зориулалттай нэг удаа үнэ төлбөргүйгээр газраа өмчилж авахыг хүсвэл эсвэл өмнө нь эзэмшсэн газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалттай нэг удаа үнэ төлбөргүйгээр авахыг хүсвэл дараах баримт, материалыг хавсарган өргөдлөө дүүргийн Газрын алба, сумын Газрын даамалд гаргана уу. Үүнд:

  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Өмчилж авахыг хүссэн газрын тойм зураг;
  • Хэрэв хууль ёсны болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авах тохиолдолд хууль ёсны болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хувь;
  • Хууль ёсны болон итгэмжлэгдсэн төлөөлөгч болохыг нотлох баримт, бичиг буюу төлөөлөгчөөр томилсон Засаг даргын шийдвэрийг нэмэлтээр хавсаргана;

Хэрэв өмнө нь эзэмшиж байсан бол иргэний үнэмлэхний хуулбар, газрын эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь, газар эзэмших гэрээний эх хувь, газрын төлбөр төлсөн баримт материалуудыг хавсаргана. Харин та зөвхөн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хот байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газарт газар өмчилж авах боломжтойг анхаарна уу.

34. Газар өмчлөх хүсэлт хэрхэн гаргах вэ?

35. Газрын түрээс болон худалдааны зарын баттай эх сурвалжтай мэдээллийг хаанаас авах боломжтой вэ?

Газрын биржийн цахим системд иргэн, хуулийн этгээдийн бүртгэн оруулсан газар, үл хөдлөх хөрөнгийн худалдах, түрээслэх зар мэдээлэл байх бөгөөд өөрийн хүссэнээр шүүж хэрэгцээт газрын мэдээллийг авах боломжтой.

Тус системд бүртгэгдсэн зар мэдээлэлд газрын хэмжээ, төрөл, зориулалт, байршил, үнэ зэрэг мэдээллүүд байх бөгөөд зарын дэлгэрэнгүй хуудаснаас нэмэлт мэдээллийг авах боломжтой.

Иргэн, хуулийн этгээд тус системд нэвтэрч Газрын кадастрын мэдээллийн сангаас өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа газраа сонгон бусдад худалдах, түрээслэх зар мэдээллээ үнэ, төлбөргүйгээр байршуулж бусдад арилжаалах боломжийг бүрдүүлсэн. Газар худалдан авах, хөрөнгө оруулалт хийх гэж буй иргэн, хуулийн этгээд тус системээс Газрын кадастр, Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Газрын төлөв байдал, Инженер-геологи, Гео-экологийн талаарх газартай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг баталгаатай эх үүсвэрээс авч газарт хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлсэн. Мөн газар, үл хөдлөх хөрөнгийн зууч байгууллагаас бүртгэн оруулсан зар нь тухайн байгууллагын лого, нэр болон хариуцсан агентийн нэртэй харагдана.

36. Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааг ямар тохиолдолд хийлгэх шаардлагатай вэ?

Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгаа нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчилж, эзэмшиж, ашиглаж буй газрын төлөв байдал, чанарт нэгдсэн хяналт тавих, чанарын өөрчлөлт гарсан, үржил шим буурсан газарт ашиглалтыг зохицуулах, газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, бүх шатны төрийн байгууллагыг газрын төлөв байдал, чанарын мэдээллээр хангах, газар эзэмшигч, ашиглагчийг эзэмшил газрын төлөв байдал, чанарын мэдээллээр хангахад чухал ач холбогдолтой ажил юм.

Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5-д “Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг 5 жилд нэг удаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаанд заавал хамруулах бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход энэхүү баталгааг гаргана” гэж заасан байдаг.

37. Цахим дуудлага худалдаанд хэрхэн оролцох вэ?

Газрын биржийн цахим систем (www.mle.mn)-д “хэрэглэгч”-ээр бүртгүүлэн аймаг, нийслэлийн газрын албанаас зарласан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээж оролцох боломжтой. Цахим дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногийн өмнөөс эхлүүлж, дуудлага худалдаа зохион байгуулах өдрийн өмнөх ажлын өдрийн 15 цаг 00 минутад хааж, баталгаажуулдаг. Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг дуудлага худалдааны хураамж болон дэнчин тушаасан баримтаа зургаар хавсарган өөрийн “Дэнчин буцаах дансны дугаар”-аа оруулж оролцох хүсэлтээ илгээнэ. Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд танд мессежээр болон мэйлээр мэдэгдэнэ. Цахим дуудлага худалдааны үнийн саналыг 09 цаг 00 минутаас эхлүүлж 15 цаг 00 минут хүртэл авах бөгөөд түүнээс хойш хүлээлтийн горимд шилжинэ. Хүлээлтийн горим нь оролцогч үнийн санал өгснөөс хойш 60 секунд хүлээх бөгөөд өөр оролцогч үнийн санал өгөөгүй бол дуудлага худалдааг дуусгавар болж ялагч тодорно. Хэрэв хүлээлтийн хугацаанд багтаан өөр оролцогч үнийн санал өгвөл үнийн санал өгснөөс хойш дахин хүлээлтийн 60 секундийг тоолдог. Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын дагуу ялагч болсон хэрэглэгч 7 хоногийн дотор дуудлага худалдааг зохион байгуулсан эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулна. Гэрээ байгуулсан өдрөөс 14 хоногийн дотор дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр эрх шилжинэ.

38. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын мэдээллийг хаанаас авах боломжтой вэ?

Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын мэдээ, мэдээллийг Газрын биржийн цахим систем (www.mle.mn)-ээс авах боломжтой бөгөөд тус системд 2016 оноос хойш зохион байгуулагдсан болон тухайн жилд зохион байгуулахаар төлөвлөж буй газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зар мэдээлэл бүртгэгддэг. Тус системийн “Газрын зураг” хэсгээс дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгох газрын байршил, координатаар Газрын кадастр, Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Газрын төлөв байдал, Инженер-геологи, Гео-экологийн давхарга зургуудтай давхцуулан өөрийн сонирхож буй газрын дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Газрын биржийн цахим системд “хэрэглэгч”-ээр бүртгүүлж аймаг, нийслэлийн газрын албанаас зарласан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа, Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн төсөл сонгон шалгаруулалтад оролцох боломжтой юм. Мөн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, Монгол Улсын иргэн өмчилсөн газраа бусдад худалдах, худалдан авах үйл ажиллагаанд зуучлах үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн.

39. Цахим төсөл сонгон шалгаруулалтад хэрхэн оролцох вэ?

Газрын биржийн цахим систем (www.mle.mn)-д “хэрэглэгч”-ээр бүртгүүлэн аймаг, нийслэлийн газрын албанаас зарласан Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт илгээж оролцох боломжтой. Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг төсөл сонгон шалгаруулалт болохоос ажлын 5 хоногийн өмнөөс эхлүүлж, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах өмнөх ажлын өдрийн 15 цаг 00 минутад хааж, баталгаажуулна. Төсөл сонгон шалгаруулалтад оролцох иргэн, аж ахуй байгууллага нь системд хэрэглэгчээр бүртгүүлэн нэвтэрсэн байх шаардлагатай.

Материал авах хугацаанд Төсөл сонгон шалгаруулалтын хураамжийг заасан дансанд тушааж оролцох хүсэлт илгээнэ. Оролцох хүсэлтийг системээс шалгаж баталгаажуулсны дараа хэрэглэгч төслийн материалаа онлайнаар файл хэлбэрээр хавсарган оруулах боломжтой болно. Төсөл сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарласан өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан ялагчтай гэрээ байгуулдаг бөгөөд Төсөл сонгон шалгаруулалтын ялагч дээрх заасан хугацаанд гэрээ байгуулаагүй эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан тохиолдолд тухайн төсөл сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцно.

40. Өөрийн газрын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах боломжтой вэ?

21 аймаг, 330 сумын нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд Газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарын Газрын бүртгэл, зураглалыг засварлаж, нэгдсэн стандартад оруулж, цаасан хувийн хэргийг материалыг тоон хэлбэрт шилжүүлж, байрлалд суурилсан Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системийг Улсын хэмжээнд хэмжээнд нэвтрүүллээ.

Энэхүү системийг Улсын хэмжээнд нэвтрүүлснээр газрын бүртгэл, зураглалын алдааг бүрэн засварлаж, цаасан хувийн хэргийн материалыг цэгцлэх, цахимжуулах ажлыг хийж, нэгдсэн санд бүртгэж баталгаажуулсан бөгөөд албан хаагчдын хийж буй газрын бүртгэл нээлттэй, шат бүрд хяналттай болж, шийдвэр гаргагч нарыг бодит агшны мэдээллээр хангах боломжтой. Мөн Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системийн нөөц хувилбарыг Үндэсний дата төвд байрлуулан “ХУР”, “ДАН” системд холбож, хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд дараах боломжуудыг бүрдүүлсэн. Үүнд: Иргэн, аж ахуйн нэгжүүд орон зай цаг хугацаанаас үл хамааран өөрийн газартай холбоотой буюу кадастрын зураг, гэрээ, гэрчилгээ, захирамж гэх мэдээллүүдийг QR кодоор баталгаажуулан цахимаар авах боломжтой. Газрын кадастрын мэдээллийн сангийн хэрэглээнд Тоон гарын үсгийг ашиглах боломжтой. Бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох бүрэн боломжтой болсон бөгөөд газартай холбоотой сервис үйлчилгээнүүдийг Дата төвд нэгдсэн стандартын дагуу гаргаж, шууд холбогдох боломжтой.

41. Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим систем гэж юу вэ?

Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем” нь газрын харилцааны цогц үйл ажиллагааг салбар бүрийн оролцоог ханган нэгдсэн стандарт, арга зүйгээр эрхлэх үндсэн чиг үүрэг бүхий байрлалд суурилсан (I), нэгдсэн стандарт бүхий өгөгдөл (II), дүн шинжилгээ хийх, боловсруулах цахим систем (III), өгөгдөл, мэдээллийг хадгалах, түгээх зориулалт бүхий техник хангамж (IҮ), мэдээллийг түргэн, шуурхай, найдвартай солилцох өндөр хурдны дэд бүтэц (Ү) зэргээс бүрдсэн нэгдсэн цахим систем юм.

Уг нэгдсэн цахим систем нь:

  • Төлөвлөлтийн;
  • Газрын биржийн;
  • Үнэлгээ, татвар, төлбөрийн;
  • Кадастрын;
  • Мониторингийн;
  • Хот байгуулалтын гэсэн өгөгдөл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээлэл түгээх зэрэг боломжуудыг багтаасан үндсэн цогц 6 цахим систем болон эдгээрт дэмжлэг үзүүлэх Геодезийн (I), Хаягийн (II), Суурь судалгааны (III) гэсэн 3 мэдээллийн сангаас бүрдэнэ.

Мөн дээрх бүх мэдээллийг иргэд, олон нийт болоод аж ахуйн нэгж байгууллагуудад хүргэх Геопорталыг үйл ажиллагаанд орууллаа.

42. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил гэж ямар ажлыг хэлдэг вэ?

Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа гэдэг нь газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг хууль тогтоомжид заасан хугацаанд давтан тодорхойлж улсын хяналтад авсан анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэлт гаргахыг гэж заасан байдаг.

Энэхүү ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, газрын нөхөн сэргээлт хийх” гэж нэрлэдэг бөгөөд Барилга хот байгуулалтын яамнаас мэргэжлийн байгууллагын эрхийг 3 жилийн хугацаатай аж ахуйн нэгж байгууллагад олгодог.

Дээрх мэргэжлийн байгууллагуудын нэрсийн жагсаалтыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын веб сайт www.gazar.goү.mn хаягт улирал тутам шинэчлэн байршуулдаг ба аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэдээллийн самбарт мөн байрлуулсан байдаг.

43. Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааг иргэн, аж ахуйн нэгж байгууллага ямар тохиолдолд хийлгэх шаардлагатай вэ?

Иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил газар буюу уул уурхайн ашиглалтын болон хайгуулын талбай, аялал жуулчлалын газар, үйлдвэр, үйлчилгээ, шатахуун түгээх станц зэргээр газар ашиглалтын төрлүүдээр, том масштабаар, газар эзэмших, ашиглах, өмчлэх эрх шинээр үүсэх, дуусгавар болох бүрт газрын тухай хуулийн дагуу баталгааг гаргуулна.

44. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны судалгааг хэн гүйцэтгэдэг вэ?

Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг эрх бүхий мэргэжлийн байгууллага хийж, дүгнэлт гаргадаг. Барилга, хот байгуулалтын яамнаас “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, газрын нөхөн сэргээлт хийх” тусгай зөвшөөрлийг холбогдох журмын дагуу хуулийн этгээдэд олгодог.

45. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын тайлан, дүгнэлтийг ямар эрх бүхий этгээд баталгаажуулдаг вэ?

Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга буюу Улсын ерөнхий шинжээч, аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга буюу байнгын шинжээч нар Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын тайлан, дүгнэлтийг баталгаажуулдаг.

46. Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх гэж юу вэ?

Бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтийг тогтсон хугацаанд тогтмол хянах, өөрчлөлтийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ашиглалтыг тохируулах, үнэлэлт, дүгнэлт өгөх, холбогдох мэдээллийн санг үүсгэн хэрэглэгчдийг мэдээллээр хангах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавихад суурь мэдээлэл болгох зорилгоор бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн цогц үйл ажиллагаа юм.

47. Кадастр гэж юу вэ?

Газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагаа.

48. Хот байгуулалтын кадастр ямар асуудлуудыг шийдвэрлэх вэ?

Хот байгуулалтын дүрмийн мөрдөлтөнд хяналт тавьж, түүнийг зөрчсөнөөс үүдэх хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээний үндэслэлийг боловсруулах;

Нутаг дэвсгэрийн ялгаварт байдлаар үл хөдлөх хөрөнгийн татварын хэмжээ тогтооход хот байгуулалтын үнэлгээний тухай мэдээллээр хангах;

Нутаг дэвсгэрийн хот байгуулалтын дүрэм, үнэлгээг бүртгэж, тоолох;

Нутаг дэвсгэрийг хөгжүүлэх, ашиглах, улмаар салбарын нутаг дэвсгэрийн дүрэм тогтоох талаар тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргаа, салбарын удирдлагын хоорондын харилцааг мэдээллээр хангах;

49. Хот байгуулалтын кадастр ямар ач, холбогдолтой вэ?

Хот байгуулалтын кадастрын тухай мэдээллийг хот байгуулалт, зураг төслийн баримт бичиг боловсруулах тэдгээрийг хэрэгжүүлэх үндэс болох бөгөөд хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөлтүүд болон хэрэгжилт хоорондоо уялдаатай төлөвлөлтийн дагуу хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Иргэд интернетийн орчинд хот суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөөнд хяналт тавих, тэдний оролцоо санал санаачлагыг төлөвлөлтөнд тусгах, иргэд өөрийн эзэмшлийн эдэлбэр газар, үл хөдлөх хөрөнгийн талаарх зах зээл болон амьдрах орчины чанарын тухай, хүрэээлэн буй орчны төлөв байдлын тухай орчины үнэлгээний талаарх мэдээллийг авна.

Хот байгуулалтын кадастрын мэдээллийн нэгдсэн сангаас судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл судалгааны нэгдсэн систем бүрдэнэ.

50. Газрын өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбоотой ямар маргаанууд хамгийн түгээмэл гардаг вэ?

  • - Нийслэл дүүргийн Засаг даргаас өмнөх гаргасан захирамжуудаа газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн хүчингүй болгосноос үүдэн гарсан маргаан;
  • - Кадастрын зураг тодорхойгүйгээс газар давхардуулан олгосонтой холбоотойгоор үүссэн маргаан;
  • - Дүүрэг болоод сумдын Засаг дарга нарын гаргасан захирамжийг дээд шатны буюу аймаг, нийслэлийн засаг дарга хүчингүй болгосонтой холбоотой үүссэн маргаан;
  • - Нийтийн эзэмшлийн зам талбайд орон сууц, барилга барих зөвшөөрөл олгосон, зөвшөөрлийг цуцалсантай холбоотой үүссэн маргаан;
  • - Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгодоогүй байхад дур мэдэн газар ашигласантай холбоотойгоор үүссэн маргаан;
  • - Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхээ хуулийн дагуу баталгаажуулаагүйгээс тухайн газар дээр газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүдэн гарсан маргаан;
  • - Усны сан бүхий болоод дархан цаазтай газарт тогтоосон дэглэм, журмыг зөрчиж газар олгосонтой холбоотойгоор үүссэн маргаан;
  • - Газрын гарц гарам хаасантай холбоотой үүссэн маргаан гэх мэт.

Эдгээрээс дүгнэхэд шат шатны засаг даргын газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгосон өмнөх захирамжаа хүчингүй болгосонтой холбоотойгоор эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, мөн барилга байгууламж барих, хөрөнгө оруулалт хийх, газрын төлбөрийг төлж байсан зэрэг хохирол учирсан гэх маргаанууд давамгайлдаг бөгөөд ялангуяа өмнөх Засаг даргын захирамжийг шинээр томилогдсон Засаг дарга нь хүчингүй болгосон асуудал зонхилж байна.