3. Мэргэжлийн агентад хандах нь ЯАГААД ашигтай вэ?
-Агент хүн нэг харахаар сэтгэлзүйч шиг байх ёстой болдог. Нөгөө харахад барилгын зураг төслийг хийсэн барилгачин, инженер хүн ч юм шиг. Заримдаа банкны эдийн засагч шиг байх шаардлага ч тулгарна. Тухайлбал харилцагч ирээд 6 хувийн зээл авах гэсэн юм, ямар материал бүрдүүлэх вэ гэхэд “Би эдийн засагч биш” гээд сууж огт болохгүй. Түүний оронд та нийгмийн даатгалаа хэдэн сар төлсөн, таны цалин хэд вэ, гэр бүлийн хүний тань цалин хэд вэ. Миний бодлоор энэ бүхэнд тулгуурлаад бодолт хийхэд та 6 хувийн зээлд хамрагдах бүрэн боломжтой юм байна. Тиймээс Хаанбанкны эдийн засагч дээр очно уу гэх мэтээр ажлыг нь хөнгөвчлөөд, арга замыг нь зааж өгөөд явуулдаг. Мөн “Энэ барилга юугаар баригдсан бэ” гэхэд та барьсан инженер шиг нь мэддэг байх ёстой. Энэ мэтчилэн маш олон төрлийн мэдлэгтэй байхыг шаарддаг.
Би эхлээд агентаар ажилд ороод борлуулалт хийх л юм байна гэж харсан. Хувцас авах болоод дэлгүүр орвол өнгө нь таалагдлаа, үнэ нь таалагдлаа, хэмжээ нь болж байвал би шууд худалдан авалт хийгээд гардаг. Харин RE/MAX-ийн харилцагч бол өөр. Насаараа цуглуулсан 50 сая төгрөгөөрөө нэг өрөө байр авах гээд ирж байна. Тэр хүний хувьд мөнгө нь маш үнэ цэнтэй зүйл шүү дээ. Тиймээс шууд нэг өдрийн дотор худалдан авалт хийхгүй. Багадаа долоон хоног цуг яваад хамтдаа жаргал, зовлонгоо хуваалцаж байгаад сонголтоо, худалдан авалтаа хийдэг. Тэр дунд зарим өдөр гэр бүлдээ асуудалтай ууртай ирдэг. Сайхан инээчихсэн ч явж байна. Тэр болгон дээр та сэтгэлзүйч шиг түүнийг мэдрэх ёстой. Ер нь агент хүн тэр хүн юу хүсч байгааг нүдээр нь хардаг байх ёстой.
Бид борлуулалтаас илүүтэй харилцааны бизнес хийдэг хүмүүс. Тиймээс мэргэжлийн байх ёстой. Нэг айл дунджаар 3-5 удаа л үл хөдлөхөө сольдог гэх дэлхийн болон Монголын судалгаа яв цав таардаг. Үл хөдлөх яг л талх шиг анхдагч хэрэгцээ. Хүмүүс үл хөдлөхийг мөнгөтэй хүн л авдаг гэж бодоод байдаг. Гэтэл нэг өрөө байр худалдан авч энэ жил арай чадахгүй бол нэг өрөө байр түрээслээд л амьдардаг шүү дээ. Коронавирусийн дэгдэлттэй, хөл хорио тогтоосон үед ч гэсэн бидний бизнесийн үзүүлэлт буурахгүй үргэлжилсээр л байна.