Дэлхийн үл хөдлөхийн зах зээлд тэргүүлэгч АНУ-ын RE/MAX компанийн салбар RE/MAX MONGOLIA бүс 2015 онд нээгдсэн. Ингэж Монголд RE/MAX-ын франчайз бизнесийн үйл ажиллагаа эхэлснээс ердөө гуравхан сарын дараа RE/MAX-ын анхны оффист агентаар орж, дэлхийн брэндтэй амьдралаа, амжилтаа холбож, өдгөө найм дахь жилдээ RE/MAX MONGOLIA бүсийн түүхийг бичилцэж яваа Ч.Загдсүрэнтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр зургаан жил үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентаар ажилласан бол, 2021 оноос өөрийн RE/MAX MARS оффисыг нээн, үйл ажиллагаа явуулж эхлээд буй шинэхэн СЕО юм.
-Таны агентаар ажилласан зургаан жилийн амжилт, алдаа онооноос ярилцлагаа эхэлье.
-Би 2016 оны нэгдүгээр сард RE/MAX MONGOLIA бүсийн хамгийн анхны RE/MAX BEST нэртэй оффист агентаар ажилд орж байлаа. Их сонирхолтой юм болсон. Найз маань тэнд ажлын ярилцлагад орохоор ирээд гарахдаа миний өмнөөс анкет бөглөчхөөд гараад явчихсан байсан. Хэд хоногийн дараа над руу танихгүй дугаараас залгаад "REMAX BEST" оффисоос холбогдож байна. Та ирээд ажлын ярилцлагад оролцох боломжтой юу" гээд ярьдаг юм байна. Би бүр гайхаад, тэгсэн найз маань миний өмнөөс анкет бөглөчихсөн байсан. Тэгээд би хэсэг бодоод "Ороод л үзье" гээд ажлын ярилцлагад орсон. Би тухайн үед гадаадаас ирээд удаагүй байсан юм. Яагаад ч юм гадаадад сурч, амьдарч байгаад Монголд ирээд төрийн албанд ажилд орно гэхээр ажлын цаг их, цалин бага гээд л халшрах мэдрэмж төрдөг байлаа. Тийм сэтгэгдэлтэй хүн RE/MAX-ын оффист яваад ортол орчин, ажиллах цаг, бизнесийн систем нь маш их таалагдаад "Хөөх, Монголд бас ийм ажил байдаг аа" гэж их тийм таатай хүлээж авч байлаа. Тэгээд "Ороод л үзье" гэж энэ байгууллагын хаалгыг анх татаж байсан бол үүнээс хойш ажилдаа дурласан. Одоо бол RE/MAX гэдэг брэнддээ хайртай. Учир нь надад олон боломжийг олгосон. Олон улсын франчайз бизнесийн эрхийг надад атгуулж өгсөн.
-Таныг тун амжилттай агент байсныг салбарынхнаас нь сонсож байсан. Амжилттай ажиллахад юу нөлөөлсөн бол?
-Мэдээж бүх зүйл шулуун, дардан байгаагүй. Ялангуяа зуучлалын зах зээл хөгжиж эхэлж буй манайх шиг оронд агентуудын ажлыг ойлгохгүй хүмүүстэй их таардаг. Шантрах үе бишгүй л байсан. Гэхдээ тууштай байдал хүнийг амжилтад хөтөлдөг. Унасан ч босох чадвартай байх ёстой. Удаанаар ч хамаагүй зогсолтгүй, урагшлах зарчмыг RE/MAX-т агентаар ажилласан зургаан жилийн хугацаа надад зааж өгсөн. Бас үл хөдлөхийн салбарт маш олон боломж байдаг шүү гэдгийг харуулж, нүдийг минь нээсэн. Миний хамгийн анхны гүйлгээ гүн сэтгэгдэл үлдээсэн. Маш өндөр дүнтэй, бэлэн мөнгөний гүйлгээ байсан юм. Тэр хэзээ ч мартагдахааргүй тийм их хүчээр намайг өргөж өгсөн. Энэ салбараас ийм хэмжээний орлого олж, амжилттай ажиллаж болох юм байна. Анхны гүйлгээ ийм юм чинь цаашид хязгааргүй юм байна гэдэг урам, зориг, итгэл төрүүлсэн. Бас нөгөө талд маш хямдхан, 14,800 төгрөгийн хөлсөөр түрээсийн гүйлгээг хийж өгч байсан.
Дахин хэлэхэд үл хөдлөх хөрөнгийн агент хүн үйлчлүүлэгчдээ үйлчилгээгээ үзүүлж дууссаны дараа ажлаа амжилттай хийж чадвал ажлын хөлсөө зуучлалын хөлс болгож авдаг. Хэрэв та үйлчилгээгээ аваагүй, таны хүссэн үйлчилгээг үзүүлж чадаагүй бол та ямар нэгэн ажлын хөлс огт төлөхгүй. Энэ хэрэглэгчид их шударга систем л дээ. Зарим салбарт ажлаа огт хийдэггүй мөртлөө цалин аваад явдаг, үйлчилгээгээ үзүүлдэггүй хүмүүс бишгүй л байдаг.
Хамгийн өндөр болон хамгийн бага үнийн дүнтэй энэ хоёр гүйлгээ надад ажиллах арга барил заасан гэж хэлж болно.