Х.МӨНХ-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХДАА ЧАНАРААС ГАДНА ХӨРШ НЬ ХЭН БАЙХ ВЭ ГЭДГИЙГ ЧУХАЛЧИЛДАГ БОЛСОН

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээл, орон сууцны худалдан авах сонирхол хааш чиглэж буй зэрэг сэдвээр RE/MAX SUPREME оффисын брокер эзэмшигч Х.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр АНУ-д боловсрол эзэмшиж, тэнд IT салбарт арван жил ажилласан. Гэхдээ эх орноо гэх сэтгэлийн дуудлагаар Монголдоо ирж үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт бизнес эхлүүлжээ.

"ЧАДАХГҮЙ ГЭДЭГ БОДЛООСОО САЛАХГҮЙ БОЛ ЯМАР Ч СОРИЛТЫН АРД ГАРАХГҮЙ"




-Гадаад, тэр тусмаа АНУ бол олон залуугийн очихыг мөрөөддөг улсын нэг. Та тэнд сургууль төгссөн, ажилтай ч болсон. Гэхдээ Монголдоо буцаад ирсэн. Энэ талаар яриагаа эхэлье.

-АНУ-ын Миннесота мужийн Minnesota State University Moorhead сургуульд мэдээлэл технологийн системийн удирлага чиглэлээр мэргэжил эзэмшиж, 2014 онд төгссөн. Тэндээ Цахиурын хөндийд байршилтай Single point of contact гэдэг IT-ийн компанид ажиллаж, арав гаруй жил амьдарсан. Би ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд л АНУ явсан. Тэнд арван жил болохдоо эхний хоёр жил Монголдоо ирээд, сүүлийн найман жил огт ирээгүй. Өндөр хөгжилтэй тэр улсад үлдсэн бол магадгүй надад илүү том боломж нээгдэх байсан байж болох л юм. Гэхдээ нутагтаа л буцмаар санагдаад болоогүй. Ээж, аавыгаа ч их санасан. Тэгээд л 2016 онд Монголдоо ирсэн дээ.

-Ирэх хэрэггүй байж гэх эргэлзээ төрөх үү? Ингэж асууж байгаа нь "Монголд амьдрал алга аа" гэж залуус их ярих болж.

-Болохгүй гээд байвал бүх л юм болохгүй. Чадахгүй гэдэг бодлоо л авч хаяхгүй бол хүн ямар ч сорилтын ард гарч чадахгүй шүү дээ. Үнэхээр болохгүй байвал манай хамт олон дээр хүрээд ирээрэй гэж хэлмээр байна.




-Барааны үнэ өслөө, нийгмийн амьдрал хэцүү байна л гэнэ. Үл хөдлөхийн салбарт ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Эрэлт, хэрэгцээнээс болоод буцаад олон улсын жишгээр үл хөдлөхийн үнэ өсөж байна. Үүнд хил гааль, шатахууны үнэ, ачаа тээвэр гээд олон шалтгаан бий. Ковидын үеэр маш өндөр, ачаалалтай, борлуулалттай салбар үл хөдлөх л байв. Тухайлбал, 2021 оны зургадугаар сард RE/MAX-ийн түүхэнд хамгийн өндөр борлуулалттай сар байлаа шүү дээ. Хөдөөгөөс, гадаад улсаас гээд олон хүн цар тахлаас шалтгаалан Монголдоо ирсэн. Хүний үндсэн гурван хэрэглээний нэг нь орон сууц шүү дээ. Гадаадаас ирсэн хүмүүс бэлэн мөнгөөр маш их байр авлаа. Худалдан авагчид одоо ч их байна. Гэхдээ бэлэн мөнгө өгөөд авч байгаа хүн багассан. Нөгөө талд нийлүүлэлт их биш байна. Чанартай үл хөдлөх хөрөнгийн эрэлт, хэрэгцээ улам нэмэгдэж байгаа. Гэтэл стандартаар баригдсан, энэ л сайн байр гээд тоолох байр ховор байна.

-Чанар, стандартын дагуу баригдсан байр Улаанбаатар хотод хаана байна вэ гэвэл та алийг нэрлэх вэ?

-Жишээ нь Төв Цэнгэлдэх орчмын орон сууцнууд байна.

-Хүмүүс байр авахдаа юуг чухалчилж байна вэ?

-Анх удаа орон сууц авч байгаа хүмүүст мэдээж үнэ чухал. Байраа солих, томруулах гэж байгаа гэдэг ч юм уу үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хэд хэдэн удаа худалдан авалт хийчихсэн хүмүүсийн хувь сайн байр хаана байна, тийш л анхаарлаа хандуулдаг. Мөн сүүлийн үед хүмүүс чанараас гадна хөрш нь хэн байх вэ гэдэгт анхаардаг болсон. Энэ байранд орвол миний хөрш хэн байх вэ, миний хүүхэдтэй ямар хүмүүжил, хандлагатай хэн тоглох вэ гэх мэтчилэн.

"БИ 40 НАСТАЙДАА ТЭТГЭВЭРТ ГАРААД, 50 ХҮРТЛЭЭ АЯЛМААР БАЙНА"




-RE/MAX-чууд хөрөнгөлөг. Хотын төвийн хамгийн тансаг оффисуудад тэд л ажилладаг гэх хүмүүс байдаг. Таны бизнес хэр ашигтай вэ?

-Хүний л харах өнцөг. Амархан мөнгө олоод байна, адилхан мөнгө ольё гэж орж ирээд бүтэлгүйдээд буцдаг хүмүүс байдаг. Энэ бол тохирох хүндээ тохирох бизнес. Бас ашигтай, урт хугацаандаа бүр ч ашигтай. Жишээ нь агент. Тухайн хүний ажлын туршлага, ур чадвар нэмэгдэх тусам цол нэмэгдэнэ. Цол ахих тусам агентад очих шимтгэлийн хувь нэмэгддэг. Энэ бизнес 5-10 жилийн дараа илүү өргөжиж, өрсөлдөөн улам нэмэгдсэн байх тул сонирхож байвал одоо хамгийн тохиромжтой цаг.

-Та RE/MAX-ийн талаар АНУ-аас сонсчхоод ирэв үү? Яагаад энэ салбарыг сонгож ажиллав?

-АНУ-д байхдаа сонсож байсан. Түүнээс цаашгүй л ирсэн. Намайг 2016 онд Монголд ирэхэд RE/MAX дөнгөж нээгдээд нэг жил болж байсан. Хүмүүс их шуурч байлаа. Учир сонгуулийн сурталчилгаа шиг л том, том танилцуулга самбар, таних тэмдгээрээ үнэхээр шалгарч байсан. Тэрийг хараад би "Олон улсын гоё франчайз бизнес ороод иржээ" гэж харж байсан. Тэгж явтал надад орон сууцаа борлуулж, солих хэрэгцээ тулгарсан юм. Тэгээд RE/MAX-т ажилладаг танилтайгаа холбогдоод зуучлуулах санал тавиад хэсэг ярилцсанаа "Ер нь би өөрөө яагаад байж болохгүй гэж" гэдэг бодол төрсөн. RE/MAX-т нэгдэх анхны шалтгаан энэ. Байраа зарсан, өөрийн сэтгэлд нийцсэн сайхан байр олж авсан. Бас агентаар ажилд ороод боломжийг ч олоод харчихсан.

Би АНУ дахь ажилдаа алсын зайнаас нэлээд хугацаанд ажилласан. Тиймээс хажууд суудаг хамт олон гэж байсангүй. Хамгийн анх RE/MAX-т орж ирээд хамт олонтойгоо бужигнах, хамтдаа үдийн цайгаа зооглох хүртэл надад сонирхолтой, халуун дулаан санагдаж байсан. Тэндээс их л эрч хүчийг авч байсан даа. Тэнд залуучууд даргад, захиралд хамаатай ажилладаггүй. Захирлын хажууд нэг өөр, захирал гараад явангуут бас нэг өөр байх шаардлагагүй. Бүгд хамтрагчид гэдэг утгаараа яг ижил түвшинд харилцана, нэг тийм үнэн хандлага, харилцаа нь надад их таалагдаж байсан. Өглөө сэрэхдээ аз жаргалтай, орой харихдаа стрессгүй ажлын байр энэ юм байна гэж бодогдоно. Бас маш олон хүнд боломж олгодог нь надад хамгийн их таалагдсан. Жил гаруйн хугацаанд агентийн бизнес хийгээд, мэдлэг, нөү хаугаас суралцаад, маш олон боломжтой салбар юм байна гэдгийг олж харсан. Тиймээс RE/MAX SUPREME оффисоо нээсэн дээ.




-Агентаас яагаад CEO болов?

-Next Level. Орлого, ур чадвар, хувь хүний хөгжил бүх зүйл дээр. Тэгээд л найзтайгаа хамтраад оффисоо нээсэн. Би өөрөө баян, мөнгөтэй, хөрөнгөтэй болохоос илүү маш олон залууст боломжийг бий болгохыг хүссэн. Бүх юмыг төрөөс шаарддаг биш хүн бүр хувийн хөгжил сайтай байгаасай гэж л энэ бизнесийг эхлүүлсэн. Манай оффис үл хөдлөх хөрөнгө оруулалтын зууч гэдэг гүйлгээ эхлүүлсэн. Энэ нь үл хөдлөх хөрөнгө барьж чаддаг нэг хүн байна. Нөгөө талд чаддаггүй ч хөрөнгө нь байгаа нэг хүн бий. Энэ хоёр хүнийг хооронд нь зуучилж өгөөд хамтын ажиллагааг эхлүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээ гэсэн үг.

-RE/MAX хэнд илүү тохиромжтой бизнес юм бэ?

-Бизнес сэтгэлгээтэй хүнд л тохирно доо. Дан залуучууд биш 40-50 насныхан ч манайд бий. Өглөө 09:00 цагт очоод орой 17:00 цагт тарахыг хүсдэггүй, чөлөөтэй сэтгэж, дураараа ажилладаг, хэн нэгэнд найдах биш өөртөө найддаг хүмүүс илүү сонирхож байна гэж би хардаг.

-Залуу СЕО имижээ хэрхэн бүрдүүлж байна вэ?

-Би фитнессээр олон жил хичээллэсэн. Хааяа нэг сагс тоглодог. Өөртэйгөө их ярилцдаг. Өнөөдөр надад ямар зан чанар, ур чадвар байхгүй байна вэ, би түүнийг хаанаас олж авч болох вэ гэдгийг их боддог. Ер нь хэн нэгний цагт тааруулж биш өөртөө таатай байдлаар л ажиллахыг илүүд үздэг.




-Та юуг зорьж, мөрөөддөг вэ?

-Би 40 настайдаа тэтгэвэрт гарах зорилго тавьсан байгаа. Тэр болтол маш их хичээж хөдөлмөрлөөд тодорхой хэмжээнд санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг эрмэлзэж байна. Мөн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой олон улсын мэдлэг ур чадварыг өөртөө шингээж, түүнийгээ залуу үеийнхэндээ түгээн тэднийг эх орондоо санхүүгийн эрх чөлөөтэй амьдрах боломж бололцоог нь бий болгохыг хүсдэг. Монгол улсынхаа Ү.Х.Х-ийн салбарын хөгжил дэвшилд өөрийн сурсан мэдсэн бүхнээ зориулна гэж бодож явдаг. Тэгээд боломж бололцоогоор нь 50 нас хүртлээ дэлхийгээр аялах мөрөөдөлтэй.




-Ярилцсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье.

Та RE/MAX Supreme оффистой холбогдох:

Хаяг: Их Хуралдай оффис, 4 давхарт, 401 тоот; Утас: 7019-9090

Ярилцлагын холбоос: https://ikon.mn/n/2jmg